Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Тэргүүн саруул зам” компани, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх, улсын харцага Лхагваагийн Лха-Очиртой ярилцлаа.
-Сайхан наадаж байна уу. Найман жилийн дараа цолоо ахиулан харцага цол хүртсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
-Баярлалаа. Танай сайтыг уншиж байгаа монгол түмэндээ баяр наадмын мэнд хүргэе.
-Төрөлх нутаг Алдархаан сумын чинь түүхт 100 жилийн ой тохиож байна. Том бэлэг барилаа?
-Тэглээ. Бөхийн их гэр бүлд 20 гаруй жил хөдөлмөрлөж, самбо, жүдо, үндэсний бөхөөр олон жил тууштай хичээллэж явсаны үр шим сая гарлаа. Баяртай байна. Энэ баярт мөчид анхны багшаа дурсахдаа шавийгаа тэнгэрээс харж, ивээсэн байх гэж итгэж сууна. Багш маань Завхан аймгийн 1982, 1992 оны баяр наадамд түрүүлсэн, хурц арслан цолтой С.Юнрэн гэж буянтай сайхан буурал байлаа. Намайг улсын цол хүртэхэд амьд сэрүүн байгаагүй ч аймгийн заан, арслан болохыг маань үзсэн.
-С.Юнрэн арслангийн өндөр амжилт үзүүлсэн шавь танаас өөр хэн байна?
-Завхан нутгийн олон хүчтэн байна. Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын харцага М.Дармаабазар, улсын өсөх идэр начин Б.Сумьяабэйс, Н.Бат-Амгалан, Ю.Алтансүх нар байна. Тун мундаг хүн байж билээ.
-Таныг С.Юнрэн арслангийн гарт хөтөлж оруулсан хүн хэн бэ?
-Аав, ээж маань юм. Бас дээр нь бага байхын бөхөд их сонирхолтой хүү байлаа. Дээл хувцсаа уралцаж өссөн дөө. Олон дээл, гутал элээсэн дээ.
-Шинэхэн харцагынхаа анхны амжилтыг уншигч олондоо хүргэмээр байна...
-Архангай аймагт болсон үндэсний бөхийн өсвөр үеийнхний УАШТ-д мөнгөн медаль хүртэж, наймдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд түрүүлэн заан цол хүртэж байлаа. Бөх болох мөрөөдөл тэр үеэс улам лавширсан юм даа.
-Та цол нэмлээ. Хамгийн сайхан мэдрэмж нь юу юм бол?
-Нутгийн залуусын мэндчилгээ тасрахгүй байна. Мөн монголчууд маань ерөөлийн дээд үгээр урамшуулах нь сайхан юм.
-Бэлтгэлийг бол жил бүрийн наадмын өмнө хамгийн сайнаараа базаадаг байх. Гэхдээ энэ жил онцгой сайн хангасан гэмээр санагдаж байна?
-Бэлтгэл сургуулилтыг жилийн жилд сайн хийдэг ч өнөө жил тэгш ой тохиож буй тул илүү хичээсэн. Ганц би биш биз. Нэгэн арванд тохиож байгаа наадам болохоор дээлтэй болгон хичээсэн байх аа. Энэ жил “Завхан” дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ хангасан.
-Улсын баяр наадмын тавын даваанд аймгийн харцага Х.Наранбаярыг амлахад их гайхлаа?
-Юунд.
-Тэр “Увс нуур” бөхийн галын наадмын сорилго барилдаанд олон сайн бөхчүүдийг төвөггүй унаган үзүүрлэсэн. Мөн баяр наадмын дөрвийн даваанд хүчтэй арслан Р.Пүрэвдагвыг давсан шүү дээ?
-Олон бөхөөс шилж амлахдаа давна гэж тооцоолж авсан. Түүнтэй хоёр жилийн өмнө Бөхийн өргөөнд барилдахдаа давсан юм. Х.Наранбаяртай цэрвүүгээс олигтой барилдаан гарахгүй болохоор золгохыг хүлээсэн.
-Дараагийн даваанд шинэ начин Х.Оргилболдыг авсан нь бүр сонин. Тэр энэ жил маш сайн байсан?
-Х.Оргилболд гэж сайн начинтай болж байна. Бид өмнө нь олон таарсан, түүний мэх, мэдрэмжийг таван хуруу шигээ мэдэх болохоор амалсан юм.
-Долоогийн даваа. Заан цолны даваанд П.Бүрэнтөгс аваргатай арай л хашир барилдав уу даа?
-Тэглээ. Энэ даваанд үеийнхээ өнгөлж яваа сайхан аваргатай таарсан, харгүй сайхан барилдлаа. Тэр надаас хавь илүү чацтай, түрүүлж өндөр цолонд хүрсэн бөх. Яах аргагүй хүч илүү, чац өндөр юм. Барьцнаас барилдъя гэсэн маань буруудлаа.
-Төгсгөлд нь наадамчин олондоо хандаж үг хэлнэ үү?
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадмыг тохиолдуулаад бөхөд хайртай нийт монголчууддаа, Завхан аймгийн Алдархаанчууддаа баяр наадмын мэнд дэвшүүлье. Энэ жил манай сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ сарын 21,22-нд болох бөгөөд баяр наадамдаа хүч үзнэ ээ.
Б.Жаргал