БАРИМТ 1
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс нь 2,345,409 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн төв хэсэгт байрладаг орон. Нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 11-ээр байранд жагсдаг тус улс Африк тивдээ Алжир улсын дараа хоёрдугаар байранд эрэмбэлэгддэг.
БАРИМТ 2
Ардчилсан Конго улс баруун хойд талаараа Бүгд Найрамдах Конго улстай, хойд хэсгээрээ Төв Африкийн Бүгд Найрамдах улстай, зүүн хойд хэсгээрээ Өмнөд Судан улстай, зүүн талаараа Уганда, Руанда, Бурунди болон Танзани улстай, урд болон зүүн урд хэсгээрээ Замби улстай, баруун урд талаараа Ангол улстай тус тус хиллэдэг.
БАРИМТ 3
Ардчилсан Конго улсын хүн амын нийт тоо 108.5 сая бөгөөд тэдний 96 хувь нь христийн шашныг шүтдэг. Ардчилсан Конго улс хүн амын тоогоороо дэлхийд 14-ээр байранд жагсдаг. Мөн тус улсын газар нутаг дээр орчин үеийн хүн төрөлхтөн 90,000 жилийн өмнөөс амьдарсаар ирсэн гэдгийг батлах археологийн олдворууд байдаг.
БАРИМТ 4
Бантучууд 3,000 жилийн өмнө газар нутгаа тэлэх үедээ Ардчилсан Конго улсын нутаг дэвсгэрийг эзэмшилдээ оруулсан. Одоогийн Ардчилсан Конго улсын газар нутгийн баруун хэсэгт Африк тивийн түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг болох Конгогийн эзэнт гүрэн 14-19-ээр зууны хооронд оршин тогтносон.
БАРИМТ 5
Харин тус улсын бусад хэсгээр Азандэ, Люба болон Лундагийн эзэнт гүрнүүд 16-19-ээр зууны хооронд оршсон. Баруун талаараа Атлантын далайд гарцтай тус улсын газар нутаг дээр 1482 онд хөл тавьсан хамгийн анхны Европ хүн бол Португалийн далайчин Диого Као.
БАРИМТ 6
Бельгийн хаан хоёрдугаар Леопольд Ардчилсан Конго улсын газар нутгийг 1885 онд тэр чигт нь өөрийн эзэмшил хэмээн зарласан ба үүнээс болж Ардчилсан Конго улс хувь хүнд харьяалагдах хамгийн том колони орон болсон. Тэрээр конгочуудыг резин боловсруулах үйлдвэрт хүчээр хөдөлмөр эрхлүүлж ихэд харгислал үйлддэг байсан.
БАРИМТ 7
Үүний улмаас 10 сая гаруй конгочууд амиа алдсан. 1908 онд хоёрдугаар Леопольд хаан Ардчилсан Конго улсын эзэмшлээсээ татгалзсанаар Ардчилсан Конго нь Бельгийн колони орон болсон. Улмаар конгочууд 1960 онд өөрсдийн улсаа албан ёсоор байгуулж тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 8
Тусгаар тогтносон даруйдаа конгочууд хэд хэдэн удаа төрийн эргэлт хийж 1971 онд улсынхаа нэрийг Заир болгон сольсон. Үүний дараа 1996-1997 оны хооронд Конгогийн анхны дайн өрнөсөн. Конгочууд улсынхаа нэрийг буцаан сольсноос хойш 1998 онд Конгогийн хоёрдугаар дайн эхэлж 2003 онд дууссан. Уг дайнаас болж 5.4 сая хүний амь нас эрстсэн.
БАРИМТ 9
Уг дайн Ардчилсан Конго улсын ерөнхийлөгчийн албыг 2001-2019 оны хооронд хашсан Жозеф Кабилагийн удирдлага дор дуусгавар болсон. Гэхдээ түүнийг төр барьсан жилүүдэд Ардчилсан Конго улсын хүний эрхийн үзүүлэлтэд дурдахуйц ахиц дэвшил гараагүй.
БАРИМТ 10
Ардчилсан Конго улс асар их хэмжээний байгалийн баялагтай боловч улс төрийн тогтворгүй байдал, дэд бүтцийн хомстол, авлига, олон зуун жилийн турш колони орон байсан гэх мэт олон хүчин зүйлс уг улсын хөгжлөөс хойш татдаг. Тус улсын экспортолдог бараануудын 50-аас их хувийг нь түүхий ашигт малтмал бүрдүүлдэг.
БАРИМТ 11
Нил мөрний араас бичигддэг Африк тивийн хоёр дахь урт мөрөн болох Конго гол Ардчилсан Конго улсын газар нутгийг дайран урсдаг. Мөн тус гол нь дэлхий дээрх хамгийн гүнзгий гол юм. Ардчилсан Конго улсын нийслэлийг Киншаса гэдэг бол албан ёсны хэл нь франц хэл.
БАРИМТ 12
Ойр ойрхон тохиолддог төрийн эргэлт, бослого болон иргэний дайнаас болж Ардчилсан Конго улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 189 орноос 175-аар байранд жагсдаг. 2018 онд гэхэд 600,000 коногчууд эх орноо орхин өөр улсууд руу дүрвэсэн бөгөөд 2 сая конгочууд нэн өлсгөлөнд нэрвэгдсэн.
БАРИМТ 13
Амазоны ширэнгэн ойн араас бичигдэх дэлхийн хоёр дахь том ширэнгэн ой тус улсын газар нутагт харьяалагддаг. Конгогийн ширэнгэн ойд ойролцоогоор 10,000 төрлийн ургамал, 400 төрөл зүйлийн хөхтөн амьтад, 1,000 өөр төрлийн шувууд, 700 төрөл зүйлийн загаснууд амьдардаг.
БАРИМТ 14
Ардчилсан Конго улс бол биологийн олон төрлийг өөртөө багтаасан дэлхийн 17 олон талт байгальтай орнуудын нэг. Мөн тус улсад хэтэрхий намхан нуруутай гэдгээрээ алдартай Конгогийн ширэнгэн ойд амьдардаг Пигми гэх зэрлэг овгийн хүмүүс амьдардаг. 170 сантиметр өндөртэй хүн пигмичүүдийн дунд үлэмж биетэй харагдана.
БАРИМТ 15
1904 онд Ота Бенга гэх нэртэй Пигми овгийн хүн одоогийн Ардчилсан Конго улсын газар нутгаас хулгайлагдсан. Тэрээр амьтан хэмээн андуурагдаж АНУ-ын Нью Йорк хот дахь Бронкс амьтны хүрээлэнд сармагчнуудтай хамт нэг торонд хоригдсон. 100 гаруй жилийн дараа Бронкс амьтны хүрээлэнгийн зүгээс Ота Бенгаг хүн төрөлхтөн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч Пигми овгийнхноос албан ёсоор уучлалт гуйсан.
БАРИМТ 16
Ардчилсан Конго улсын хүн амыг Африкийн 200 гаруй үндэстний хүмүүс бүрдүүлдэг ба тэдний 45 хувь нь банту үндэстний хүмүүс байдаг. Мөн үүнийгээ дагаад Ардчилсан Конго улсын иргэд 250 янзын хэлээр ярьцгаадаг. Мөн тус улсын нийслэл Киншаса хот нь франц хэлийг үндсэн хэлээрээ ашигладаг дэлхийн хоёр дахь том хот.
БАРИМТ 17
Ардчилсан Конго улсад “Окапи” буюу ойн анааш гэгддэг устах аюулд орсон ховор төрлийн амьтан амьдардаг. Окапи нь зөвхөн Ардчилсан Конго улсын ойд амьдардаг бөгөөд алаг тахь болон бугыг хооронд нь нийлүүлчихсэн мэт харагддаг. Биеийнхээ ард хэсгээр алаг судалтай уг амьтан нь буга мэт том биетэй.
БАРИМТ 18
Ардчилсан Конго улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт таван газар байдаг. Эдгээр нь бүгд байгалийн үнэт өвүүд бөгөөд дөрөв нь үндэсний паркууд бол үлдсэн нэг нь зэрлэг байгалийн нөөц газар. Тэдгээрийн нэг болох Вирунга үндэсний паркд (Африк тивийн хамгийн эртний үндэсний парк) горилл, шимпанзе гэх зэрэг амьтад амьдардгаас гадна идэвхтэй галт уул оршдог.
БАРИМТ 19
Дэлхийн хамгийн аюултай галт уулсын нэг болох Нирагонго галт уул Ардчилсан Конго улсад байдаг. 2002 онд тус галт уул дэлбэрсэн ба тогооноосоо хальсан хайлмаг нь Гома хотын тэн хагасыг тэр чигт нь сүйтгэсэн. Тус галт уулыг нутгийн иргэд Генерал Нирагонго гэж нэрлэдэг.
БАРИМТ 20
Ардчилсан Конго улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Ардчилсан Конго улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 73-аар байранд жагсдаг ба 1974 оны ДАШТ-д оролцож байсан. Мөн Африк тивийн бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчдийн нэг болох Дикембе Мутомбо тус улсын иргэн.
БАРИМТ 21
Ардчилсан Конго улсын баг тамирчид 1968 оноос хойш зуны олимпд оролцож эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч медаль хүртэж байгаагүй. Ихэвчлэн бокс болон хөнгөн атлетикийн төрлүүдэд эрхээ аван олимпын наадамд оролцдог конгочууд өвлийн олимпд нэг ч удаа оролцож байгаагүй.
БАРИМТ 22
Ардчилсан Конго улсын төрийн далбаа цэнхэр, улаан болон шар гэсэн өнгөнүүдээс бүрддэг. Улаан өнгө нь энх бус цагт амиа алдсан конгочуудын цусыг, шар өнгө нь тус улсын газрын баялгийг, шар өнгийн од нь Ардчилсан Конго улсын гэгээлэг ирээдүйг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Ардчилсан Конго улс хувь иргэний худалдан авах чадвараараа дэлхийн дөрөв дэх ядуу орноор нэрлэгддэг. Мөн НҮБ-ын гаргасан судалгаанаас үзэхэд 2012-2013 оны хооронд Ардчилсан Конго улс 1,000 гаруй насанд хүрээгүй хүүхдүүдийг цэргийн албанд хүчээр татсан байдаг юм байна.
БАРИМТ 24
Ардчилсан Конго улсын 15-49 настай иргэдийн 76 хувь нь бичиг үсэг тайлагдсан. 1900-2000-аад оны хооронд үргэлжилсэн дайнаас болж 5.2 сая хүүхэд ямар ч түвшний боловсрол эзэмшиж чадаагүй. Харин сүүлийн жилүүдэд Ардчилсан Конго улс боловсролын салбартаа ихээхэн анхаарал хандуулж хүүхдүүдийн сургуульд суралцах ирцийг эрс нэмэгдүүлж байгаа.