"Плэйтайм" олон улсын хөгжмийн наадам нь Монгол улсад 1990 оны сүүлч, 2000 оны эхээр дэлгэрч эхэлсэн рок, метал, инди хөгжмийн шинэ дуугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, уран бүтээлчдийн дуу хөгжмийг олонд хүргэх тайз болсноороо онцлогтой билээ. Бидний сайн мэдэх хамтлаг, уран бүтээлчид энэхүү наадмаар олонд хүрч байсан түүхтэй.
Энэ жилийн "Плэйтайм" наадам дөрөв хоногийн турш үргэлжилж байна. Өнөөдөр буюу долоодугаар сарын 10-нд Плэйтаймын сүүлийн өдөр. Нийт 15 тайзнаас 150 хамтлаг уран бүтээлчид оролцож байгаа юм. Тэд инди, рок, фолк, метал, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжимөө 60,000 гаруй залууст хүргэж буй.
"Плэйтайм" наадмын амин сүнс нь чанартай хөгжмийн хөтөлбөр байдаг. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны нийт 800 гаруй хамтлаг, уран бүтээлчид тус наадамд оролцож, хөгжим сонирхогчдоос өндөр үнэлгээ авч байсан. Энэ хугацаанд Yo La Tengo, The Radio Dept, Муммий Тролль, Peter Hook and The Lights, The Wedding Present, The Pains of Being Pure at Heart, Mono, The Fin, Envy зэрэг дэлхийн алдартай хамтлаг, уран бүтээлчдээр наадмын цар хүрээг тэлсээр ирсэн. Үүнээс гадна бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, сэтгэл зүрхэнд дуу хөгжим нь үргэлж эгшиглэдэг домогт уран бүтээлчдийг "Плэйтайм" наадамд урилгаар оролцуулж шилдэг дуу хөгжмийг нь шинэ үеийн залуучууд, сонсогчдод хүргэдэг эрхэм уламжлалтай билээ. Мөн олон шинэ хамтлаг, залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэднийг олон нийтэд таниулж ирсэн. Ингээд уншигч та бүхэнд "Плэйтайм" наадмын сонирхолтой фотог хүргэж байна.