БАРИМТ 1
Г.Эрдэнэбилэг нь 1977 оны аравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ.
БАРИМТ 2
Түүний анхны гол дүрийн уран бүтээл нь 2008 онд тоглосон “Чиний эзгүйд” МУСК-ны Жаргалын дүрээр жүжигчин Т.Хулангийн хамтаар тоглож байжээ.
БАРИМТ 3
Харин үзэгч олон түүнийг “Би чамд хайртай 2” киноны Хангайн дүрээр нь сайн таних болсон.
БАРИМТ 4
Хамгийн сүүлд УДЭТ-ын цоо шинэ тавилтаар эргэн ирсэн “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг чадварлагаар бүтээсэн бөгөөд энэ сарын 10-наас эхлэн дахин тайзнаа тоглоно.
БАРИМТ 5
Г.Эрдэнэбилэгийн хувьд 1995-1999 онд СУИС-ийн жүжигчний ангид УГЗ С.Сугарын шавь болон суралцжээ.
БАРИМТ 6
Анх зураач болно гэж Дүрслэх урлагийн дээд сургуульд орох бодолтой байсан ч СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч хамгийн өндөр оноогоор тэнцэж байв.
БАРИМТ 7
Тэрбээр морь унаж чаддаггүй байсан бөгөөд "Ганган төгс" түүхэн киноны дүрд тоглох бэлтгэлийн үеэр морь унаж сурчээ.
БАРИМТ 8
Шилдэг уран бүтээлчдэд олгодог "Мөнгөн мод цом"-ын 2011 оны шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин, "Гэгээн муза-2011" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийн Модуны дүрээр шилдэг гол дүрийн жүжигчнээр шалгарсан.
БАРИМТ 9
Түүхэн жүжиг нь бодит хүнийг илэрхийлэх учраас маш том хариуцлага гэж ярьдаг тэрбээр хэд, хэдэн түүхэн дүрийг бүтээжээ. Түүний бүтээсэн түүхэн дүрээс дурдвал: "Тэнгэрийн хүү жүжиг": Модун Шанью, "Домогт Ану хатан" жүжиг: Галдан бошигт хааны үнэнч шадар жанжин Данжила, "Саран хөхөө" жүжгийн Номунбаясгалан, "Атга нөж" жүжгийн Зүч, "Сарны цагаан цус" жүжгийн Халгуй нэртэй ханхүү.
БАРИМТ 10
Түүний анхлан дүр бүтээсэн жүжгүүдээс сонирхуулбал “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж", "Нууц амраг чинь болъё", "Парисын дарь эхийн сүм", "Шөнө дундын бүжиг" жүжгүүдэд тоглож байжээ.
БАРИМТ 11
СУИС-ийн оюутан байхдаа Дэвжээ цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж олны танил болох эхлэл нь тавигдсан тэрбээр жүжигчний болоод анх толглосон жүжиг нь У. Шекспирийн "Зуны шөнийн зүүд", "Ромьео, Жульетта" байв.
БАРИМТ 12
"Гэгээн муза 2011" наадамд өмссөн гоёл нь Чингис хааны тамганы бичээстэй арал, түдээл нь гэрэгэний бичээстэй, хээ угалз нь Хүннүгийн үеийн хэв маягийг тусгасан, алтан шаргал Монгол дээл өмссөн нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байжээ.
БАРИМТ 13
Тэрбээр саяхан нээлтээ хийсэн "Тэгри чину" ОАУСК-г найруулсан.
БАРИМТ 14
Г.Эрдэнэбилэг нь жүжигчнээс гадна кино найруулагчын хичээлийг сонгон судлаж байсан бөгөөд өдгөө “Аав”, “Хийморь”, “Яллагч”, “Үргээлэг 2”, “Тэгри чину” зэрэг уран бүтээлд найруулагчаар ажиллажээ.
БАРИМТ 15
Түүний сүүлийн уран бүтээл болох “Тэгри чину” ОАУСК-ны эхний бүлгийн найман анги нь олны хүртээл болоод байгаа бөгөөд цаашид найман бүлэг хийх төлөвлөгөөтэй гэнэ.
БАРИМТ 16
2018 онд найруулагчаар ажилласан “Яллагдагч” УСК нь 2016 онд ОХУ-д болсон Андрей Каравайкины бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.
БАРИМТ 17
Г.Эрдэнэбилэгийн том хүү гэдсэнд байхад нь анхны бие дааж найруулсан “Аав” УСК-гоо нээж байжээ. Кинонд гардаг жирэмсний тест жинхэнэ бөгөөд өөрийн баярт мөчөө кинондоо мөнхөлсөн нь энэ аж.
БАРИМТ 18
Мөн "Аав" киноны үеэр “Миний аав жирийн л нэг жолооч” гэж хэлдэг нь өөрийнхөө аавд зориулсан байсан хэмээн дурдсан удаатай.
БАРИМТ 19
Өөрийн найруулсан киногоо олон улсын кино наадамд өрсөлдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд "Хийморь" киногоороо олон улсын кино наадамд илгээсэн.
БАРИМТ 20
ОХУ-ын ТНТ телевизийн уран бүтээл болох “Дятловын даваа” ОАУСК-нд тоглох Манси өвгөний дүрд Ё.Цог гуайг жүжигчин Г.Эрдэнэбилэг санал болгож байсан.
БАРИМТ 21
Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулсан “Драмын 4” хамтлаг энэ жил 16 нас хүрч байна.
БАРИМТ 22
Г.Эрдэнэбилэг СУИС-ыг төгсөөд УДЭТ-т жүжигчнээр тасралтгүй 18 жил ажиллаад хэсэг завсарлага аваад байсан хэдий ч “Тамгагүй төр” жүжгээрээ эргэн иржээ.
БАРИМТ 23
“Тамгагүй төр” жүжгийн хэсэгт хүн сэнтийд заларч буйгаар гардаг. Харин тэрбээр амьдрал дээр “хүн дээр гишгэх нь бүү хэл доромжилж ч үзээгүй, цээрлэдэг” хэмээн ярилцлагадаа дурджээ.
БАРИМТ 24
Тэрбээр 2007 онд МУСТА цол, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол өнөөдөр МУГЖ цолоор энгэрээ мялааж байна.
Сэтгэгдэл (1)