Английн Манчестер клуб Нидерландын Фейеноорд клубээс 22 настай зүүн жигүүрийн хамгаалагч Тайрелл Маласиаг 15 сая еврогоор худалдан авч өөрсдийн эгнээндээ нэгтгэлээ. Фейеноорд клубийн төлөө 136 тоглолтод оролцсон залуу хамгаалагчийн хувьд Манчестер Юнайтед клубийн шинэ дасгалжуулагч Эрик Тен Хагийн хийж буй анхны наймаа болж байгаа юм. Эрин Тен Хагийн хувьд Нидерландын лигт насаараа ажилласан мэргэжилтэн тул Тайрелл Маласиаг хэрхэн ашиглахаа хамгийн сайнаар мэдэж буй нэгэн. Манчестер Юнайтед клубт нэгдсэнийхээ дараа өгсөн ярилцлага дээрээ Тайрелл Маласиа: “Шинэ багтайгаа нэгдэх үнэхээр сайхан байна. Миний замналын шинэ хэсэг ийнхүү эхэллээ. Шинэ лиг, шинэ баг, шинэ дасгалжуулагч гээд бүх зүйл миний хувьд шинэ байх болно. Эрик Тен Хагийн багийн эсрэг Нидерландын лигт байх үедээ олон тоглож байсан. Түүнийг тоглогчдоосоо юуг хүлээдэг гэдгийг би сайн мэдэж байна. Залуу тоглогчийн хувьд надад сурч мэдэх зүйлс олон байгаа. Манчестер Юнайтедийн хөгжөөн дэмжигчдэд хандаж хэлэхэд ‘Улаан өнгийн өмсгөл өмсөөд талбай дээр гарах бүрдээ чадах бүхнээ хийх болно.’” гэжээ.
Эх сурвалж: BBC