БАРИМТ 1
Люксембургийн Их Гүнт улс нь 2586 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Европ дахь далайд гарцгүй орон. Тус улс баруун болон хойд хэсгээрээ Бельги, зүүн талаараа Герман, урд хэсгээрээ Франц гэх Европ тивийн гурван өндөр хөгжилтэй улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Люксембург улсын хүн амын нийт тоо 2021 оны гуравдугаар сарын байдлаар 645,397 байсан бөгөөд тэдний 51 хувийг люксембург, 18 хувийг португал, 13.5 хувийг франц, 10.3 хувийг герман үндэсний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт люксембургчуудын 73 хувь нь христийн шашныг шүтдэг бол 23 хувь нь шашин шүтлэггүй.
БАРИМТ 3
Тус улсын нийслэлийг Люксембург хот гэдэг ба энэ нь Европын Холбооны үндсэн дөрвөн нийслэлийн нэг. Люксембург улсын албан ёсны хэл нь люксембург хэл боловч уг улсад герман болон франц хэлнүүд өргөнөөр ашиглагддаг. Люксембургчуудын амьдралын хэв маяг, ёс заншилд Франц болон Герман улсууд ихээхэн нөлөөлсөн.
БАРИМТ 4
Люксембург улсын түүх манай эриний 963 оноос эхлэлтэй. Олон зууны турш Франц, Австри гэх мэт орнуудтай холбоотой байсаар ирсэн люксембургчууд Наполеон Бонапартын удирдаж байсан Францын анхны Бүгд Найрамдах болон эзэнт гүрний нэг хэсгийн хувиар оршин тогтнох болсон.
БАРИМТ 5
Орчин цагийн Люксембург улс 1815 оны Венын Конгрессын үеэр үүссэн. Улмаар 1839 оны Бельгийн хувьсгалын үеэр франц хэлээр ярьдаг ихэнх люксембургчууд Бельги улс руу дүрвэж люксембург хэлээр ярьдаг хэсэг нь одоогийн Люксембург улсыг хадгалж үлдсэн.
БАРИМТ 6
Люксембург улс нь нэгдмэл парламентын үндсэн хуульт, хаант засаглалтай. Тус улсын одоогийн их гүн буюу хааныг Анри гэдэг ба тэрбээр уг албан тушаалыг 2000 оноос хойш хашиж байна. Харин Люксембург улсын ерөнхий сайдын үүргийг Ксавье Беттель 2013 оноос хойш гүйцэтгэж байгаа.
БАРИМТ 7
Амьдрах орчин, хувь хүмүүсийн эд хөрөнгө гэх мэт хүчин зүйлсийг авч үзвэл Люксембург улс бол яах аргагүй өндөр хөгжилтэй орнуудын нэг. Тэд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлж, хүний хөгжлийн индексээрээ 23-аар байранд жагсдаг.
БАРИМТ 8
2022 оны байдлаар Люксембург улсын гадаад үнэмлэх эзэмшдэг хүмүүс дэлхийн 189 орон руу тодорхой хугацааны турш визгүйгээр зорчих боломжтой. Уг үзүүлэлт нь уг үнэмлэхийг дэлхийн гурав дахь хүчирхэг гадаад үнэмлэх болгодог. Европын Холбооны чухал хурал, уулзалтуудыг зохион байгуулдаг энэхүү улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол евро.
БАРИМТ 9
Люксембург гэх нэр нь Люцилинбурхук буюу “жижиг цайз” гэх үгнээс гаралтай. Манай эриний 963 онд Францын домогт дайчин Зигфрид уг цайзыг худалдан авч Люксембург улсыг тэндээ үүсгэн байгуулсан гэгддэг. Улмаар газар нутгаа бага багаар тэлсээр люксембургчууд 13-аар зуун гэхэд тодорхой хэмжээний нутагтай болсон байсан.
БАРИМТ 10
Люксембург бол дэлхий дээрх хамгийн сүүлчийн Их Гүнт улс. Мөн тус улсын ерөнхий сайд Ксавье Беттель ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн Европ тивийн орнуудын анхны удирдагч болсон. Тэрбээр гэр бүлийн хүн болох Готье Дестенейтэй 2015 онд албан ёсоор гэр бүл болцгоосон.
БАРИМТ 11
Ихэнх люксембургчууд 2-4 хэлээр чөлөөтэй ярих чадвартай байдаг. Учир нь тэд люксембург хэлийн хамт нэгдүгээр ангиасаа герман, хоёрдугаар ангиасаа франц, наймдугаар ангиасаа англи хэлнүүдийг тус тус судалж эхэлцгээдэг. Мөн хүн ам багатай тус улсад хоёр л их дээд сургууль байдаг.
БАРИМТ 12
Люксембург улс бол НАТО, НҮБ, Европын Холбоо гэх томоохон олон улсын байгууллагуудыг анх үүсгэн байгуулсан гишүүдийнх нь нэг. Люксембург улсын нийт хүн амын тэн хагасыг өөр улсын гаралтай хүмүүс бүрдүүлдэг тухай дурдсан. Тэгвэл тус улсын нийт ажиллах хүчний 70 гаруй хувь нь гадаад хүмүүс байдаг юм байна.
БАРИМТ 13
Өргөн уудам бэхлэлт болон түүхэн хорооллуудыг онцгойлон хамгаалж чадсаныхаа ачаар Люксембургийн хот 1994 онд дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Люксембург улсад очсон жуулчин бүр уг хотоор зочилж, тус улсын түүх соёлтой танилцдаг гэж хэлэхэд буруудаад байх юмгүй.
БАРИМТ 14
Зургадугаар сарын 23 бол Люксембург улсын үндэсний өдөр. Уг өдрийг Люксембург улсыг 50 гаруй жилийн турш удирдсан Их Гүн Шарлоттын төрсөн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг. Гэхдээ Их Гүн Шарлоттын хувьд нэгдүгээр сарын 23-нд төрсөн боловч баярыг илүү тааламжтай цаг агаартай үед тэмдэглэхийн тулд зургадугаар сарын 23 болгон шилжүүлсэн.
БАРИМТ 15
Лыксембург улсаар зочилсон ихэнх жуулчдын заавал очиж үздэг газар бол Бок Касемат гэх 21 километрийн турш үргэлжилдэг газар доорх хонгилын сүлжээ. Жижиг газар нутагтай Люксембург улсад өнөөдрийн байдлаар 75 цамхаг оршдог. Тэдний хамгийн томыг нь Буршейд цайз гэдэг.
БАРИМТ 16
Люксембург улсын үндэсний согтууруулах ундааг “Кеч” гэдэг ба уг ундааг чавганаас гаргаж авдаг. Мөн хэн нэгний гэрт уригдсан люксембургчууд хайрцаг шоколад болон цэцэг авч ирэх ёстой байдаг нь тус улсын бичигдээгүй хууль. Люксембург хүнд цэцэг өгөхдөө 13-аас бусад сондгой тооны цэцэг өгөх ёстой. 13-ын тоог люксембургчууд азгүй тоо хэмээн цээрлэцгээдэг.
БАРИМТ 17
Люксембург улс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ дэлхийд австраличуудын араас хоёрдугаар байранд бичигддэг. Өндөр орлоготой хүмүүс амьдардаг тул Люксембург улсад амьдрах өртөг мэдээж маш өндөр. Гэхдээ тус улсын шатахууны үнэ Европын Холбооны орнуудын шатахууны үнийг бодвол харьцангуй бага.
БАРИМТ 18
Люксембург улсын эдийн засгийг рон ба ган, хөнгөн цагаан, шил, резин, химийн бодис, харилцан холбоо, аялал жуулчлал болон инжернелчлэлийн салбарууд нуруун дээрээ авч явж явдаг. Мөн АрселорМиталл гэх ган үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компани Люксембург улсад байдаг.
БАРИМТ 19
Бусад Европ тивийн орнуудыг бодвол Люксембург улсын спортын салбар маш муу түвшнийх. Тус улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Люксембургийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 93-аар байранд эрэмбэлэгдэж байна. 2006 онд 193-аар байранд бичигдэж байсан уг шигшээ баг хурдацтай түвшин ахисаар байгаа.
БАРИМТ 20
Люксембург улсын баг тамирчид 1900 оны Парисын олимпоос хойш зуны олимпд идэвхтэй оролцсоор ирсэн. Тэд 1904, 1908, 1932 онуудад л зуны олимпыг өнжсөн бөгөөд хамгийн сүүлд 1952 онд зуны олимпоос медаль хүртсэн. Люксембургчууд өнөөдрийг хүртэл зуны олимпоос хоёр алт, нэг мөнгөн медалийг хөнгөн атлетик болон хүндийг өргөлтийн спортын төрлүүдэд хүртсэн.
БАРИМТ 21
Харин өвлийн олимпд Люксембург улсын баг тамирчид 1928 оноос (голд нь дөрвөн удаа өнжсөн) идэвхтэй оролцож эхэлсэн. 1992 оны Өвлийн олимпоос Люксембург улсыг төлөөлөн Марк Жирарделли гэх эрхэм альпын цанын хоёр төрөлд, хоёр мөнгөн медалийг хүртсэн. Люксембург улсын нэр дээрээс түүнээс өөр ямар ч тамирчин өвлийн олимпын медаль хүртэж байгаагүй.
БАРИМТ 22
Люксембург улсын газар нутаг 1659 оны газар нутгаасаа 75 хувиар багассан. Люксембург улс нь 1659 онд Франц улсад, 1815 онд Прусст (Германы муж), 1839 онд Бельги улсад газар нутгаасаа алдсан. Мөн Европын Холбооны дээд шүүх Люксембург улсад байдаг. Тиймээс уг холбооны бүх хууль Люксембург улсад батлагддаг.
БАРИМТ 23
Люксембург улсын нийтийн тээвэр хүмүүст үнэ төлбөргүй үйлчилдэг. Тус улс нь 2020 оны гуравдугаар сард автобус, метро гэх мэт бүх төрлийн нийтийн тээврээр бүх улсын иргэдийг үнэгүй зорчих боломжтой болгосон. Мөн уг хуулийг баталсан дэлхий дээрх анхны орон бол Люксембург.
БАРИМТ 24
Люксембург улсын нийт газар нутгийн гуравны нэг буюу 33 хувь нь ой моддоор бүрхэгддэг. Ийм тул Люксембург улсад буга, зэрлэг гахай гэх мэт зэрлэг амьтад цөөнгүй үзэгддэг. Мөн люксембургчуудын машин эзэмшдэг хувь маш өндөр. Насанд хүрсэн 10 хүн тутмын долоо нь өөрийн гэсэн машин эзэмшдэг.