БАРИМТ 1
Бүгд Найрамдах Умард Македон улс нь 25713 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн зүүн урд хэсэгт байрладаг орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Косово, хойд талаараа Серби, зүүн хэсгээрээ Болгар, урд талаараа Грек, баруун талаараа Албани улсуудтай тус тус хиллэдэг далайд гарцгүй орон.
БАРИМТ 2
Умард Македон улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 1.8 сая байсан бөгөөд тэдний 58.44 хувийг македон, 24.3 хувийг албани үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт умард македончуудын 70.7 хувь нь христийн, 28.6 хувь нь исламын шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Одоогийн Умард Македон улсын газар нутаг дээр манай эриний өмнөх 7000 оноос эхлэн Неолитийн соёл иргэншил тогтсон. Үүний дараа хэд хэдэн хаант улсууд уг газар нутаг дээр оршин суусны дараа манай эриний өмнөх зургадугаар зуунд Персийн Ахеменидийн эзэнт гүрэн ноёрхлоо тогтоосон.
БАРИМТ 4
Улмаар энэхүү эзэнт гүрэн нь манай эриний дөрөвдүгээр зуунд Македонийн хаант улстай нэгдсэн. Цаашлаад Ромын эзэнт гүрэн, Византийн эзэнт гүрэн гэх мэт хүчирхэг гүрнүүдийн нэг хэсэг болж явсаар 14-ээр зууны дунд үед Османы эзэнт гүрний эзэмшил болсон.
БАРИМТ 5
20-аар зууны эхэн үед буюу 1912 болон 1923 онд өрнөсөн Балканы дайны дараа одоогийн Умард Македон улсын газар нутаг Серби, Болгар, Грек гэх орнуудын захиргаанд хуваагдан орсон. 1945 оноос эхлэн Умард Македон улс Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав улсын нэг хэсгийн хувиар оршин тогтносон.
БАРИМТ 6
Улмаар Югославын задралын үеэр 1991 онд Умард Македон улс тусгаар тогтнолоо зарлаж бүрэн эрхт улс болсон. Тус улс 1993 онд НҮБ-д элсэн орсон боловч “Македон” гэх нэр дээр Грек улстай зөрчилтэй байсан тул хуучин Югославын Бүгд Найрамдах Македон гэх нэрийг авсан.
БАРИМТ 7
Үүний дараа 2018 оны зургадугаар сард хоёр улсууд хоорондын зөрчилдөөнөө эцэслэж Македон улс 2019 оны хоёрдугаар сард албан ёсоор Бүгд Найрамдах Македон улс гэх нэртэй болсон. Тус улсын албан ёсны хэлнүүд нь македон болон албани хэл бол нийслэл хот нь Скопье. Скопье хотод Умард Македон улсын нийт хүн амын 25 хувь нь амьдардаг.
БАРИМТ 8
Мөн Умард Македон улсын газар нутагт өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Вевчани улс оршдог. Уг улс нь 1991 онд тусгаар тогтнолоо зарласан ч дэлхийн аль ч орон тэднийг бүрэн эрхт тусгаар тогтносон орон гэж үздэггүй. Умард Македон улс Европын Холбоонд нэгдэх хүсэлтээ 2005 онд гаргасан боловч өнөөдрийг хүртэл зөвшөөрөгдөөгүй.
БАРИМТ 9
Умард Македон улс парламентын засаглалтай бөгөөд одоогийн төрийн тэргүүнүүдийг нь Стево Пендаровский (тус улсын тав дахь ерөнхийлөгч) болон Димитар Ковачевский (ерөнхий сайд) гэдэг. Тус улс хүний хөгжлийн индексээрээ 82-аар байранд жагсдаг, дунджаас дээш орлоготой хөгжиж буй орон.
БАРИМТ 10
Скопье хот дахь хамгийн алдартай дурсгалт газар газар бол улсын төв талбайд байрлах морьтой дайчны хөшөө. Агуу Александрыг дүрсэлдэг гэгддэг уг хөшөө нь 28 метрийн өндөр, 30,000 килограмм жинтэй, 10 сая ам.долларын үнэлгээтэй. Мөн Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан Албани гаралтай католик сүмийн гэгээнтэн Тереза эх 1910 онд Скопье хотод мэндэлсэн.
БАРИМТ 11
2018 онд Их Британийн Ливерпүүл хотод нэгэн хүүхэд аав ээжтэйгээ ижил өдөр мэндэлсэн. Уг үйл явдлын тохиолдох магадлал 130,000-д нэг бөгөөд түүний эцэг эх нь хоёул македон хүмүүс байсан. Мөн тус улсад дэлхий дээрх хамгийн том загалмайн нэг байдаг. Уг загалмай нь 66 метрийн өндөртэй.
БАРИМТ 12
Умард Македон улсын нэр нь манай эриний өмнөх долоогоос хоёрдугаар зууны хооронд оршин тогтнож байсан Македоны хаант улсаас гаралтай. Мөн Умард Македон улсад байх дэлхийн үнэт өвөөр нэрлэгдсэн Охрид нуур нь 34 километрийн урттай ба 300 метр гүнзгий. Уг нуур нь 3 сая жилийн өмнө үүссэн гэдгээрээ дэлхий дээрх хамгийн эртний цэнгэг устай нууруудын нэгээр нэрлэгддэг.
БАРИМТ 13
Бусад хөрш зэргэлдээх орнуудаасаа ялгаатай нь Югославын задралын үеэр амар тайван нөхцөл байдлыг хадгалан үлдэж чадсан. Мөн умард македончууд бол дэлхийн дөрөв дэх хамгийн их хэмжээний тамхи татдаг ард түмэн. Насанд хүрсэн умард македон хүн жилд дунджаар 2,784 ширхэг тамхи татдаг гэх судалгаа бий.
БАРИМТ 14
Умард Македон улс дэлхийн дунджаас дээш орлоготой боловч Европ тивийн хоёр дахь буурай хөгжилтэй орноор нэрлэгддэг. НАСА-гийн судалгаанд дурдагдсанаар тус улсад дэлхийн дөрөв дэх эртний одон орон ажиглагч цэг байдаг. Кокино гэх уг цэг нь Куманово тосгоноос 30 километр, Серби улсын хилээс 6 километрийн зайд оршдог.
БАРИМТ 15
Умард Македон улсын газар нутгийн ихэнх хэсэг өндөр уулархаг бүс нутгаас бүрддэг. Тус улсад далайн түвшнээс дээш 2,000 метрээс өндөрт оргилтой 34 уул байдаг. Тэдэн дундаас хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 2,753 метрийн өндөрт байрлах Голем Карб. Мөн ихэнх өндөр уулсын оргил дээр урьд өмнө нь хэн ч гарч байгаагүй.
БАРИМТ 16
Македон хэл 20-аар зууны дунд үе хүртэл зөвхөн ярианы хэл байсан. Өөрөөр хэлбэл уг хэлний өөрийн гэсэн цагаан толгойг ашиглан бичиж аль эсвэл унших боломжгүй байсан гэсэн үг. Ихэвчлэн грек цагаан толгойн үсгүүдээр бичигддэг байсан македон хэл 1945 онд кирилл үсгийн цагаан толгой дээр хэд хэдэн нэмэлт үсэгтэй өөрийн гэсэн цагаан толгойтой болсон.
БАРИМТ 17
Скопье хот түүхийн явцад хэд хэдэн удаа дахин баригдсан. 518 болон 1963 (1,000 гаруй хүний аминд хүрсэн) онуудад тохиолдсон газар хөдлөлтүүд Скопье хотын ихэнх хэсгийг нурааж бүтээн байгуулалтуудыг нь сүйрүүлж орхисон. Мөн уг хотыг 18-аар зуунд Австри-Унгарын генерал Пиколомини шатааж байсан түүхтэй.
БАРИМТ 18
Умард Македонд газар хөдлөлтийн гамшиг элбэг тохиолддог нь тус улсын байршилтай холбоотой. Уг улс нь Евразийн тектоникийн идэвхтэй газрын дээр оршдог. Мөн тус улсад 15 гаруй хиймэл нуур байдаг. Тэдний дундаас хамгийн алдартай нь 1953 онд байгуулагдсан Маврово гэх нуур.
БАРИМТ 19
Тус улсад 164 гаруй байгалийн агуй байдаг бөгөөд тэдний нэг болох Маткад байрлалтай Врело агуй дэлхий дээрх байгалийн 77 гайхамшгийн нэгээр нэрлэгддэг. Умард Македон улсын анхны телевизийн нэвтрүүлэг Скопье сувгаар 1964 онд цацагдсан. Харин уг телевизийн суваг өдгөө нэрээ Македон суваг болгон өөрчилсөн.
БАРИМТ 20
Умард Македон улсаад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Умард Македоны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 64-ээр байранд бичигдэж байгаа бөгөөд 2020 онд Европын АШТ-д оролцсон. Мөн тус шигшээ баг 2022 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтод Италийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж тивийн аваргуудыг гэр лүү нь буцаасан. Гэхдээ тэд үүний дараа Португалийн шигшээ багийн эсрэг ялагдал хүлээсэн.
БАРИМТ 21
Умард Македоны баг тамирчид 1996 оноос хойш албан ёсоор эх орноо төлөөлөн зуны олимпын наадамд оролцож эхэлсэн. Тэд одоогийн байдлаар тэеквондо болон чөлөөт бөхийн төрлүүдээр нэг мөнгө, нэг хүрэл олимпын медалийг хүртээд байгаа. Мөн умард македончууд 1998 оноос хойш өвлийн олимпд тасралтгүй оролцсоор байна.
БАРИМТ 22
1991 онд тусгаар тогтносноосоо хойш Умард Македон улс хоёр өөр төрийн далбаатай байсан. Уг далбаануудын хувьд хоёул улаан дэвсгэр дээрх шар өнгийн нарны дүрсийг харуулдаг. Тэдний анхны далбааны бэлгэдэл нь 1977 онд Вергина тосгоноос олдсон эртний булшны чулуунууд дээр суурилсан. Гэхдээ Вергина тосгон Грекийн Македонд харьяалагддаг тул Грек улс Умард Македоныг төрийн далбаагаа солихыг шаардаж, гадаад худалдааны бүх замуудаа хаасан.
БАРИМТ 23
Улмаар ямар ч аргагүй болсон Умард Македон улс төрийн далбаагаа 1995 онд шинэчилсэн. Османы эзэнт гүрний ноёрхлоос хойш Умард Македон улсад кофены соёл маш хүчтэй тархсан. Тус улсад 5,000 гаруй кофе үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүд байдаг гэх судалгаа байдаг бөгөөд умард македончууд ямар нэгэн уулзалтыг кофегүйгээр төсөөлөхгүй.
БАРИМТ 24
15-аас дээш насны буюу насанд хүрсэн умард македончуудын 98.4 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Уг хувь жил өнгөрөх тусам бага багаар нэмэгдсээр байгаа. Мөн тус улсын хүн амын дундаж наслалт ойролцоогоор 75.8 жил, дундаж IQ нь 91 байдаг. Умард Македон улс Скопье, Зүүн, Зүүн Хойд гэх мэт нийт найман бүс нутагт хуваагддаг.