НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столенберг болон Их Британий ерөнхий сайд Борис Жонсон нар Орос-Украины дайн олон жил үргэлжлэх төлөвтэй байгаа тухай ам нээцгээлээ. Йенс Столенбергийн хувьд Германы Билд ам Соннтаг гэх сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр, “Орос-Украины дайн хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ бид энэ дайныг олон жилийн турш үргэлжилнэ хэмээн бэлтгэл ажлаа хангах ёстой. Хоол хүнс болон эрчим хүчний үнэ өсөж буй энэ үед зэвсгийн тусламж Украин улсад үзүүлэх амаргүй байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ Барууны орнууд Украин улсад үзүүлж буй дэмжлэгээ багасгаж болохгүй. Хэрэв Владимир Путин энэ дайныг 2008 оны Гүржийн дайн болон 2014 онд Крымийг эзлэн авсан шигээ үргэлжлүүлж чадна гэж бодож эхэлбэл бид одоогийнхоосоо илүү их золиос гаргах хэрэгтэй болох болно” гэж хэлжээ.
Харин Борис Жонсон өнгөрсөн баасан гарагт Киев хотод айлчлал хийснийхээ дараа, “Владимир Путин харгис хэрцгий цэргийн үйл ажиллагаагаа Украин улсад улам хүчтэй өрнүүлсээр байгаа энэ цаг үед, би энэ дайныг олон жилийн турш үргэлжилнэ гэж бодож байна. Украин улсын зүүн хэсэг дэх Донбассын бүс нутгийг эзлэн авах бол Владимир Путиний сүүлийн найман жилийн турш өвөртөлж ирсэн зорилго. Гэхдээ Украин улсыг тэр чигт нь дахин эзлэн авч эх орондоо нэгтгэх үйл хэрэг ямар ч боломжгүй гэдгийг Владимир Путин ойлгохгүй байгаа байх. Манай улс болон бусад гүрнүүд Украин улсын газар нутгийг өөрсдийн мэт хамгаалах болно. Одоо бидний амьдарч буй цаг үе бол энэ дайны ирээдүйг шийдвэрлэх хамгийн чухал мөч” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)