БАРИМТ 1
Бүгд Найрамдах Португал улс нь 92,212 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн эх газрын хамгийн баруун захад оршдог орон. Тус улс зүүн болон хойд хэсгээрээ Испани улстай хиллэдэг бол баруун болон урд талаараа Атлантын далайд гарцтай.
БАРИМТ 2
Португал улсын нийт хүн ам 10.3 сая бөгөөд тэдний 88.5 хувийг португал, 11.5 хувийг бусад үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт португалчуудын 85 хувь нь христийн шашныг шүтдэг бол 6.8 хувь нь шашин шүтлэггүй. Тус улсын нийслэлийг Лисбон гэдэг ба албан ёсны хэл нь португал хэл.
БАРИМТ 3
Португал улс бол Иберийн хойг дахь хамгийн анхны төрт улс бөгөөд Европ тивдээ хамгийн эртний улсуудын дунд тооцогддог. Уг улсын газар нутаг дээр балар эртний үеэс эхлэн кельт болон тэдний өмнөх ард түмэн, финикчүүд, карфагенчууд, эртний Грекийн худалдаачид амьдарч байсан. 15-16-аар зуунд португалчууд анхны далайн болон худалдааны эзэнт гүрнийг байгуулснаар дэлхий дээрх эдийн засаг, улс төр болон зэвсэгт хүчнээрээ хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болсон.
БАРИМТ 4
1500-аад онд португал далайчид одоогийн Бразил улсыг нээснээр Португал улсын Бразил улсыг колоничлох агуу үйл хэрэг эхэлсэн. Уг цаг үед Португал улс дэлхий нийтийг хамарсан хоолны амтлагчийн (ихэвчлэн халуун ногоо) наймаанд голлох үүрэг гүйцэтгэн, зэвсэгт хүчний кампанит ажлуудаа Ази тивд өрнүүлж улам хүчирхэгжсээр байлаа.
БАРИМТ 5
Португал улсын анх 1128 онд байгуулагдсан бөгөөд улсын нэр нь хоёр дах том хот болох Порто хотын нэрээс гаралтай. 1910 оны хувьсгалаар олон зуун жилийн түүхтэй Португалийн хаант засаглал нуран унаж, ардчилсан боловч тогтворгүй Португалийн анхны Бүгд Найрамдах улс байгуулагдсан. Гэвч энэ нь тун удалгүй авторитар дэглэмтэй болсон.
БАРИМТ 6
Уг цаг үед Португал улс Африк тивд хэд хэдэн колони орнуудтай байсан бөгөөд 1974 оны Карнатын хувьсгалаар Португал улс дахин ардчилсан орон болж, бараг бүх колони орнууд нь тусгаар тогтнолоо зарласан. Мөн тэд Макаог удирдах эрхийг 1999 онд Хятад улсад албан ёсоор шилжүүлэн өгсөн.
БАРИМТ 7
Португал улсын өв соёл, уламжлал дэлхий даяар тархсан гэдгийг батлах нэг баримтыг дэлгэе. Дэлхий даяар португал хэлээр ярьдаг 250 сая байдаг. Харин Португал улсын иргэдийн нийт хүн ам 10.3 сая гэдгийг санах хэрэгтэй. Тус улс ерөнхийлөгчийн хагас засаглалтай ба төрийн тэргүүнийг нь Марселу Ребелу де Соуза гэдэг.
БАРИМТ 8
Португал улс нь ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, тогтвортой байдал, ахиц дэвшил, ард иргэдийн англи хэлний мэдлэг гэх мэт олон эерэг үзүүлэлтүүдээр дэлхийд дээгүүр жагсдаг хүн амьдрахад хамгийн тохиромжтой, өндөр хөгжилтэй орнуудын нэг. Мөн уг улс нь НАТО, Европын Холбоо, НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудын гишүүн.
БАРИМТ 9
Дэлхийн энх тайвны индексээр Португал улс дэлхийн дөрөв дэх хамгийн аюулгүй орноор нэрлэгдсэн. Португал хэлний тухай дахин хэд хэдэн баримт дэлгэхэд тус хэл нь хамгийн олон хэрэглэгчтэй зургаа дахь хэл юм. Мөн Ангол, Бразил, Мозамбик, Гвиней-Биссау, Зүүн Тимор, Экваторын Гвиней, Кабо-Верде, Сао Томе Принсипи гэх орнууд уг хэлийг албан ёсны хэлээ болгон ашигладаг.
БАРИМТ 10
Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн 15 газар Португал улсад байдаг. Үүнтэй холбоотойгоор Португал улс жил бүр хамгийн багадаа 13 сая жуулчин (2020-2021 оныг тооцоогүй) хүлээн авдаг. Мөн тус улсад дэлхий дээрх хамгийн романтик газар гэгддэг Синтра сүм бий.
БАРИМТ 11
Лисбон хотод байх 17,185 метрийн урттай Васко Да Гама гүүр нь Европ тивийн хоёр дахь урт гүүр. Мөн дэлхий дээрх хамгийн боловсронгуй ATM-ын систем Португал улсад харьяалагдаг. Португалчууд уг машинуудыг ашиглан сайн үйлсийн аянд хандив өргөх, концертын тасалбар авах гэх мэт 60 төрлийн үйлчилгээ авах боломжтой.
БАРИМТ 12
Чиадо хотод байрлалтай Ливрариа Бертран номын дэлгүүр 1732 онд үүд хаалгаа нээсэн ба дэлхий дээрх үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж буй хамгийн эртний номын дэлгүүр гэх ангиллаар Генисийн номд бүртгэгдсэн. Португал улсад нэг жилийн 365 өдрийн 300 гаруй нь цэлмэг тэнгэртэй, нарлаг байдаг.
БАРИМТ 13
Дэлхийн хамгийн эртний их сургуулиудын нэг болох Коимбрагийн их сургууль нь Португал улсын Лисбон хотод 1290 онд байгуулагдсан. Уг сургууль нь улсынхаа хамгийн том боловсролын институт бөгөөд дэлхийн хамгийн эртний номын сангуудын нэг болох Жоанина номын санг дотроо багтаадаг. Энэхүү номын сан ойролцоогоор 30,000 номтой.
БАРИМТ 14
Лисбон хот дэлхийн түүхэн дэх хамгийн том байгалийн гамшгуудын нэгнийх нь хохирогч болсон. 1755 оны арван нэгдүгээр сарын 1-нд Лисбон хотод газар хөдөлж 12,000-60,000 хүний аминд хүрсэн. Лисбон хотыг тэр чигт нь сүйрүүлж орхисон уг гамшгийг газар хөдлөлт судлаачид хамгийн багадаа 7.7 магнитудын хүчтэй байсан гэж үздэг. Мөн үүнээс болж 7 метрийн өндөртэй аварга цунами Лисбон хотыг бүрхсэн.
БАРИМТ 15
Португал улсад хэдэн ч хүний амь хөнөөж, ямар ч төрлийн гэмт хэрэг хийсэн байсан эсэхээс үл хамааран гэмт хэрэгтнүүд хамгийн ихдээ 25 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлдэг. Мэдээж тус улсад цаазын ял хэрэгждэггүй. Англи болон Португал улсууд 1373 оноос хойш дипломат түншүүд байсаар ирсэн нь дэлхий дээрх хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй дипломат харилцаа юм. Аль нэг орон нь халдлагад өртвөл нөгөө улс нь тэдэнд тусламж үзүүлэх ёстой.
БАРИМТ 16
2001 оны долдугаар сарын 1-нд Португал улс бүх төрлийн хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны орон болсон. Гэхдээ хуульд зааснаар мансууруулах бодисыг хувийн хэрэгцээндээ зориулж хэрэглэх хориотой тул албан ёсны зөвшөөрөлгүй хүмүүст мансууруулах тамхи худалдаалж болохгүй.
БАРИМТ 17
Дэлхийн хамгийн богино хугацаанд төр барьсан хаан Португал улсынх. 1908 оны хоёрдугаар сарын 1-нд ханхүү Луис Филипе, нэгдүгээр Карлос хааныг бусдын гарт амиа алдсаных нь дараа хаан ширээнд өргөмжлөгдсөн боловч 20 минутын дараа мөн амиа алдсан. Үүний дараа хоёрдугаар Мануэль (Португалийн сүүлчийн хаан) хаан ширээнд заларсан.
БАРИМТ 18
2018 оны гуравдугаар сард Португал улс цахилгаанаа 100 хувь ус, салхи болон нарны эрчим хүч гэх мэт дахин сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг болсон гэдгээ зарласан. Европын Холбооны дөрөв дэх хамгийн байгальд ээлтэй орон болох Португал улс нь 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй болох зорилт тавин ажиллаж байгаа.
БАРИМТ 19
Португал улсад амьдрах бага зардал, амьдрах орчин болон олон төрлийн татварын урамшууллуудаас шалтгаалж олон тооны хүмүүс Европ тивийн орнуудаас Португал улсад тэтгэвэрт гармагцаа очиж амьдардаг. Мөн 1950 оноос хойш португал эмэгтэйчүүдийн төрөлтийн хувь бага багаар багассаар байгаа.
БАРИМТ 20
Португал улс 2010 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөрөө уг хуулийг баталсан Европ тивийн зургаа дахь орон болсон. Португал улсын иргэний бүртгэлээс гаргасан статистикаас харахад португал эрчүүд 78 жил, эмэгтэйчүүд 83.5 жил амьдардаг. Энэхүү 5-6 жилийн зөрөөг өндөр хөгжилтэй орны хувьд нэлээд муу үзүүлэлт гэж хэлж болно.
БАРИМТ 21
Португал улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Португалын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-д найман удаа оролцон 1966 онд гуравдугаар байранд шалгарч байсан бол Европын АШТ-д мөн найман удаа оролцож 2016 онд түрүүлж байсан удаатай. Португал улсаас төрөн гарсан хөлбөмбөгийн спортын алдартнуудаас дурдвал Луиш Фигу, Кристиано Роналдо, Жозе Моуринью гэх мэтээр уртаас урт жагсаалт үүснэ.
БАРИМТ 22
Португал улсын баг тамирчид 1912 оноос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн бөгөөд одоогийн байдлаар 5 алт, 9 мөнгө, 14 хүрэл медалийн эзэд болоод байна. Тэд 5 алтан медалиа бүгдийг нь хөнгөн атлетикийн төрлөөр хүртсэн. Мөн тэд 1952 оноос хойш нийт есөн удаа өвлийн олимпд оролцсон ч нэг ч удаа медаль хүртэж байгаагүй.
БАРИМТ 23
Португал улсын төрийн далбаа улаан болон ногоон өнгөнөөс бүрддэг ба хоёр өнгийн уулздаг хэсэгт төрийн сүлд нь байрладаг. Ногоон өнгө нь ирээдүйн итгэл найдварыг, улаан өнгө нь португал үндэстний цусыг бэлгэддэг. Одоогийн төрийн далбаа нь 1911 оноос хойш ашиглагдаж байгаа буюу 110 жилийн настай.
БАРИМТ 24
Насанд хүрсэн португалчуудын 99.4 хувь нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд одоогийн байдлаар бүх хүүхдүүд 100 хувийн ирцтэй бага сургуульд хамраагдаж боловсрол эзэмшиж байгаа. Харин 19-22 насны залуусын 46 хувь нь улсынхаа их дээд сургуульд суралцаж боловсрол дээшлүүлдэг.