Герман улсын канцлер Олаф Шольц өнгөрсөн пүрэв гарагт Итали, Румын, Франц улсуудын төрийн тэргүүнүүдийн хамт Украин улсын нийслэл Киев хотод очоод байгаа билээ. Тэрбээр бусад орнуудын удирдагчдын хамт хийсэн хурлын үеэр Украин улсын Европын Холбоонд элсэн орох асуудал дээр эерэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн. Түүний хэлсэн үгсийг орчуулбал: “ Өнөөдөр би бусад орнуудын удирдагчдын хамт Киев хотод нэг зүйлийг тодорхой хэлэхээр ирлээ. Украин улс бол Европын гэр бүлийн гишүүн мөн. Европын Холбооны гишүүн орнууд ирэх долоо хоногт энэ асуудлаар хуралдана. Та бүгдийн мэдэж буйгаар ямар нэгэн орныг Европын Холбоонд шинээр элсүүлэхэд гишүүн 27 орон бүгд санал нэгтэй байх ёстой. Мөн Европын Холбоонд элсэх орнууд үндсэн хууль болон ардчиллын хувьд тодорхой хэмжээний шалгууруудыг хангасан байх хэрэгтэй. Герман улсын хувьд Украин болон Молдав улсуудыг Европын Холбоонд элсүүлэхэд эерэг байр суурьтай байгаа. Үүнээс гадна манай улс Украин улсыг зэвсгээр хангаж ажиллах тал дээр нээлттэй ажиллана. Украин улсад бидний тусламж хэрэгтэй үед бид үргэлж тэдний арыг дааж явах болно. Мөн бид Украин улсыг агаарын дайралтаас бүхэл бүтэн хотыг хамгаалдаг орчин үеийн хамгаалалтын системээр хангахаар болсон.” гэсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)