Украин улсын Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар Барууны орнуудын Украин улсад үзүүлж буй зэвсгийн талаар ам нээлээ.
Тэрбээр, “Барууны орнууд манай улсад хэрэгтэй зэвсгийн дөнгөж 10 хувийг хангаж өгсөн. Хэдийгээр манай цэргүүд маш чадварлаг, зоригтой, мөн их хичээл зүтгэл гаргаж байгаа ч Барууны орнуудын тусламжгүйгээр бид энэ дайнд ялалт байгуулах боломжгүй. Мөн ОХУ-ын зэвсэгт хүчин манай улсын зүүн хэсэг дэх Донбассын бүс нутгийн тодорхой хэсгийг эзлээд авчихсан. Сүүлийн үед хамгийн хүчтэй тулаанууд Северодонестк хотод өрнөж байна. Нэмэлт зэвсгийн тусламжгүйгээр алдсан газар нутгаа эргүүлэн авах туйлын хүнд байх болно” гэж хэлжээ.
Мөн уг мэдээлэлтэй холбоотойгоор АНУ, Украин улсад дахин нэг удаа зэвсгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Одоогоор уг тусламжийн тухай тодорхой мэдээллүүд гараагүй байгаа бөгөөд ойрын өдрүүдэд албан ёсоор зарлагдана.
Эх сурвалж: CNN