Тусгаар тогтносон цагаасаа хойш хамгийн том санхүүгийн хямралд ороод буй Шри-Ланка улсын ерөнхий сайд Ранил Викремесингхэ ОХУ-аас газрын тос худалдаж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд ирсэн гэдгээ мэдэгдлээ. Орос-Украины нөхцөл байдлаас болж газрын тосны үнэ тэнгэрт хадаад байгаагаас гадна Европын Холбооны болон дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавиад байгаа тул ОХУ газрын тос буюу түүхий эдээ хямдралтайгаар зарахаар болж байгаа. Тэгвэл санхүүгийн гүн хямралд орсон Шри-Ланка улсад хамгийн хямд үнэтэй газрын тос худалдан авахаас өөр сонголт байхгүй.
Ранил Викремесингхэ өнгөрсөн ням гарагт хэвлэлийн бага хурлын үеэр: “Шатахуун авахын тулд машинууд төгсгөл нь харагдахгүй урд цуваанд жагсаж байна. Манай улсын шатахууны нөөц дууссан гэдэг нь үнэн. Бид ОХУ-аас өөр улсаас газрын тос худалдаж авах арга замыг эхлээд хайна. Гэхдээ тэднээс түүхий эд худалдаж авахад дургүйцэх зүйл байхгүй. Мөн бидний гадаад өр маш их хэмжээнд хүрсэн ч Хятад улсаас санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй байгаа. Одоогийн нөхцөл байдлыг бид өөрсдөө бий болгосон. Гэхдээ нөхцөл байдлыг Украин дахь дайнаас болж үүсэж буй хоол хүнсний хомстол улам дордуулж байна.” гэж хэлсэн.
Эх сурвалж: CNN