ОХУ-ын төрийн мэдээллийн РИА Новостигийн мэдээлснээр Украины зүүн захад байх өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард улсын ОХУ-ын талыг баримталсан шүүх гурван хүнд “хөлсний цэрэг” гэх үндэслэлээр цаазын ял оноожээ. Бүгд Найрамдах Донецк Ард улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс хэмээн зөвхөн ОХУ хүлээн зөвшөөрдөг бол Олон улсын байгууллагууд тус бүс нутгийг Украин улсын нэг хэсэг гэж үздэг.
Ял авсан цэргүүдийг Айден Аслин, Шон Пиннер, Брахим Саадун гэдэг ба эхний хоёр нь Их Британи улсын иргэд бол Брахим Саадун Морокко улсад төрж өссөн нэгэн юм байна. Эдгээр цэргүүд Украины Мариуполь хотод үүрэг гүйцэтгэн байлдаж байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард орос цэргүүдэд олзлогдсон. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш нэг сарын дараа тэд давж заалдан ялын хэмжээгээ багасгах боломжтой. Украин болон Их Британийн талаас мэдээлж буйгаар энгийн дайны хоригдлуудад цаазын ял оноох нь ёс зүйд нийцэхгүй хэрэг бөгөөд тэд уг цэргүүдийн ялыг багасгахын тулд чадах бүхнээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Брахим Саадун анх Украин улсад их сургуульд сурахаар ирж байсан ба 2021 онд Украины армид элссэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)