Герман улсын канцлер Олаф Шольц болон Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский нар дэлхий нийтийг хоол хүнсний хомстолд орох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Украин улс дахь үр тариаг ямар ч аргаар хамаагүй экспортлохоор тохиролцжээ.
Хоёр улсын тэргүүнүүд өнгөрсөн лхагва гарагт утсаар холбогдсон бөгөөд тодорхой хэдэн сэдвийн дор ярилцсанаас гадна Олаф Шольц энэ үеэр тавдугаар сарын 28-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон нартай утсаар ярьсан зүйлсээ Владимир Зеленскийд танилцуулсан байна.
Үүний дараа Германы Холбооны засгийн газар, “Канцлер болон Украин улсын ерөнхийлөгч нар одоогийн Украин улс дахь зэвсэгт хүчний болон хүмүүнлэгийн нөхцөл байдлын тухай өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан. Улмаар тэд Украин улсад байгаа үр тариаг далайн боомтоор гадаадын орнууд руу экспортоор гаргах тал дээр чадах бүхнээ хийхээр тохиролцсон” гэж мэдэгдсэн.
Харин нөгөө талд Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн твиттер хаяг дээрээ, “Герман улсын канцлер Олаф Шольцтой утсаар холбогдож Украин улсад батлан хамгаалахын дэмжлэг авах болон дэлхийн хоол хүнсний хомстлын талаар ярилцлаа” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: CNN