Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский эх оронд нь тохиолдож буй үйл явдлуудын тухай хүүрнэсэн бичлэгийг орой бүр өөрийн цахим хаяг дээрээ байрлуулдаг билээ.
Тэгвэл тэрбээр өчигдөр буюу өнгөрсөн мягмар гарагийн бичлэг дээрээ, “ОХУ-ын эзлэн түрэмгийллээс болж одоогийн нөхцөл байдалд ирэх өвөл бидний хувьд маш хүнд цаг үе байх болно. Тусгаар тогтносон он жилүүдээс хойш Украинчуудын нүүр тулах хамгийн хүнд өвөл байх нь тодорхой. Миний хувьд төрийн албан хаагчид болон төрийн өмчит эрчим хүчний томоохон компаниудтай өвлийн улирлыг хэрхэн даван туулах тухай хэлэлцсэн. Өвлийн улиралд улсыг тэр даяар нь халаахад их хэмжээний байгалийн хий худалдан авах, нүүрсний хуримтлал үүсгэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гэх мэт асуудлууд тулгарсан. Одоогийн энэ нөхцөл байдалд бид байгалийн хий болон нүүрсээ гадаадын орнуудад зарахгүй. Зөвхөн ард иргэдийнхээ дотоодын хэрэглээгээ хангах болно” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CNN