ГХЯ-ны хилийн хэлтсийн дарга Д.Болд Эрээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “БНХАУ-ын талаас чингэлэг ачаа орж ирж байгаа. Урьдчилсан мэдээгээр 40 чингэлэг хил дээр байршуулсан байна гэсэн. Зургаадугаар сарын 2-нд Эрээн хотод Короновирусын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн учир хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн.
Тусгаарлалтын бүсэд орсон 200 гаруй чингэлэг байна. Мөн манай улсын импортын 200 шинэ машин байна. Анх Эрээнд ковид гарахад 21 хоног хатуу хөл хорио тогтоосон байдаг. Улмаар бага багаар сулруулсан. Тэгэхээр өмнөхтэйгээ адилхан 21 хоногоор хатуу хөл хорио тогтоох болов уу гэсэн таамаглал байна. Гэхдээ Эрээн хотын шуурхай штабаас гаргасан захирамжид тэдний өдөр хүртэл гэсэн тодорхой он сар өдөр заагаагүй байна. Тэгэхээр ямар хугацаанд хатуу хөл хорио үргэлжлэх нь тодорхойгүй байна. Бидний таамгаар 21 хоног тогтоогоод бага багаар сулрах болов уу гэж бодож байна.
Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдээр Хятадын талаас орж ирж буй 70-80 чингэлгийн 10-15 чингэлэг нь хөргүүртэй нарийн ногоо байсан. Хөл хорио тогтоосноос хойш хөргүүртэй нарийн ногооны чингэлэг зогссон. Хамгийн их анхаарч буй асуудал бол нарийн ногоо оруулж ирэх тал дээр БНХАУ-тай ярилцаж байгаа. Мөн Эрээн хотын холбогдох байгууллагуудтай ярьж байна. Тухайлбал, Эрээний Хавган гээд треминал байдаг. Тэр треминалаас нарийн ногоо, жимс жимсгэнэ ачдаг. Хавганы удирдлагаас "30 албан хаагчаа тусгаарласан байна. Хятадын орон нутгийн тээвэрлэлтээр Монгол руу гарах нарийн ногоо ирж байгаа. Энэ тээврийн хэрэгслийг лацдаж, хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр
Эрээн хотын Хавган треминалд буулгах, Монгол руу ачих тодорхой төлөвлөгөө гаргасан" гэх мэдээлэл өгсөн. Энэ төлөвлөгөөгөө Эрээний Шуурхай штабд өгсөн байгаа юм билээ. Эрээн хотын Шуурхай штаб тодорхой шийдвэр гаргаад зөвшөөрөл өгсөн тохиолдолд нарийн ногоо өдөрт 10 чингэлгээр яваад байх болов уу гэсэн хүлээлттэй байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)