Украины Гадаад хэргийн яам ОХУ-ын эзлэн авсан бүс нутгийнхаа Украинчуудад ОХУ-ын иргэншил авах үе шатыг илүү хялбар болгож байгааг нь буруушааж мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдлийг орчуулбал, “Херсон, Запорожье мужууд болон Крым, Донецк, Луганск мужуудын түр эзлэгдсэн бүсүүдийн иргэдэд хууль бусаар ОХУ-ын иргэншил олгосон явдал нь 1907 оны Гаагийн конвенцийн 45-аар зүйл болон дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай 1949 оны конвенцийн 47-аар зүйлд заасны дагуу Украин улсын бүрэн эрхт, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээ болон бусад зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарлиг хууль ёсны хүчин төгөлдөр бус ба хууль зүйн хувьд ямар нэгэн үр дагавар гаргахгүй. Ийм учраас ОХУ-д эзлэгдсэн бүс нутаг дахь Украинчуудын иргэншил өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт Гүрж, Молдавын салан тусгаарласан бүгд найрамдах улсуудын болон Украины зүүн хэсэг дэх эзлэгдсэн бүс нутгийн иргэдэд ОХУ-ын иргэншил олгох тухай зарлиг буулгасан ба одоогийн байдлаар олон зуун мянган хүнд хууль бус иргэншил олгосон байна. Зарим судлаачдын үзэж буйгаар OХУ иргэншил олгосон даруйдаа тухайн хүмүүсийг цэрэгт татаж Украин улсын эсрэг байлдуулах төлөвлөгөөтэй байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (7)