Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерийн Швейцарт болж буй Давос форумын үеэр Орос-Украины тухай хэлсэн үгсийнх нь хариу мэдэгдэл хийлээ.
Хенри Киссинжерийн хувьд еврей гаралтай нэгэн бөгөөд 1938 онд 15 насандаа гэр бүлийн хамт АНУ руу дүрвэж байсан. Түүний форум дээр хэлсэн үгсийг орчуулбал, “Орос-Украины нөхцөл байдал маш хүнд байна. Уг нөхцөл байдлыг даван туулахын тулд ойрын хоёр сарын дотор хоёр улс хэлэлцэж энхийн замаар дайныг зогсоох тал дээр ажил эхлүүлэх ёстой. Үүнээс хойш дайныг үргэлжлүүлсээр байвал уг дайн Украины эрх чөлөөний төлөөх бус ОХУ-ын эсрэг зогсож буй дайн болж хувирах болно. Шаардлагатай бол Донбасс, Крымын газар нутгаас ОХУ-д өгөх хэрэгтэй” гэжээ.
Харин үүний хариу болгож Владимир Зеленский, “ОХУ юу ч хийж байсан үеийн үед тэдний үйлдлийг зөвтгөх гэж оролддог хүмүүс байсаар ирсэн. Давосын форумын үеэр тэдний нэг нь ил гарч ирлээ. ОХУ-ын Украин улс руу харвасан олон мянган пуужингуудыг, амиа алдсан олон арван мянган Украинчуудыг, Буча болон Мариуполь хотод болсон үйл явдлуудыг, үнсэн нурманд дарагдсан хотуудыг, хүмүүсийг эрүүдэн шүүж тамладаг ОХУ-ын цэргийн шүүлтүүрийн баазуудыг үл тоож ийм үг хэллээ. ОХУ эдгээр үйлдлүүдийг зөвхөн манай улсад биш цаад утгаараа бүх Европт хийсэн. Гэтэл Хенри Киссинжерийн бодож байгаагаар бид тэдэнд газар нутгаасаа өгөх хэрэгтэй юм байна. Миний бодлоор ноён Киссинжер 2022 биш 1938 онд Давос биш Мюнхен дэх хүмүүст зориулж үг хэлсэн байх. Түүний оюун ухаан 1938 онд 15 настайдаа Нацист Германаас дүрвэж байх үед нь үлдчихэж” гэж хэлсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)