БАРИМТ 1
Холбооны Бүгд Найрамдах Бразил улс нь 8,515,767 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд тавдугаар байранд) Өмнөд Америк тивд байрладаг орон. Бразил улс Өмнөд Америк тив болон нийт Латин Америкийн хамгийн том газар нутагтай орон бөгөөд нийт 26 муж, холбооны үүргийн нэгдэл юм.
БАРИМТ 2
Бразил улсын нийт хүн ам нь 212.7 сая бөгөөд тэдний 76.7 хувь нь христийн шашныг шүтдэг бол 21 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Бразил улс уг тоогоороо дэлхийн зургаа дахь хамгийн их хүн амтай орноор нэрлэгддэг. Улсын нийслэлийг Бразилиа гэдэг бол хамгийн их хүн амтай хот нь Сан-Паулу. Харин Бразил улсын хамгийн алдартай хотыг Рио де-Жанейро гэдэг.
БАРИМТ 3
Тус улсын албан ёсны хэл нь португали хэл ба Бразилаас өөр Америк тивийн ямар ч орон уг хэлийг улсынхаа албан ёсны хэлний хувиар ашигладаггүй. Бразил улс зүүн хэсгээрээ Атлантын далайд гарцтай бөгөөд далайн эрэг нь 7,491 километрийн турш үргэлжилдэг. Мөн уг улс нь Өмнөд Америк тивийн нийт газар нутгийн 47 хувийг эзэмшдэг ба Чили болон Эквадороос бусад бүх тивийнхээ орнуудтай хиллэдэг.
БАРИМТ 4
1500 онд Бразил улсын газар нутаг дээр Португали далайчин Педро Алварес Кабрал хөл тавих хүртэл тус бүс нутагт олон төрлийн овог аймгууд оршин тогтнож байсан. Улмаар Португалийн эзэнт гүрэн Бразилыг эзлэн авч 300 жилийн турш колоничлосон. Бразилчууд 1822 онд тусгаар тогтнолоо зарлаж Бразилын эзэнт гүрнийг байгуулсан.
БАРИМТ 5
Олон улсын тавцанд 1825 онд бүрэн эрхт улсын хувиар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Бразил улс анхандаа хаант болон парламентын хосолсон засаглалтай байсан. Харин 1889 онд цэргийн эргэлтийн үр дүнд Бразил улс ерөнхийлөгчийн засаглалтай болсон.
БАРИМТ 6
Цэргийн дарангуйлал 1964-1985 оны хооронд Бразил улсад тогтоод байсан ба уг цаг үе нь тус улсын түүхэн дэх хар бараан мөчүүдийн нэг. Үүний дараа ардчилсан улс болсон Бразил улс одоогийн үндсэн хуулиа 1988 онд баталсан. Дэлхийн банкны гаргасан судалгаанаас харахад Бразил нь дунджаас дээгүүр орлоготой шинээр аж үйлдвэржсэн орон.
БАРИМТ 7
Бразил улс дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 10-аар байранд, хүний хөгжлийн индексээрээ 84-ээр байранд жагсдаг. Бразил улс эдийн засаг өндөртэй боловч гэмт хэрэг, авилга, нийгмийн тэгш бус байдал гэх зэрэг сөрөг үзүүлэлтүүдээрээ дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг.
БАРИМТ 8
Археологичид Бразил улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн 32,000 жилийн өмнөөс амьдарч эхэлсэн гэж үздэг. Бразил улсаас анх 1695 онд алт олдсон ба 18-аар зуунд дэлхийн хамгийн том алтны нөөцтэй улсуудын нэгээр нэрлэгддэг байв. Мөн тухайн цаг үед 3-4 сая гаруй Африк боолууд Бразил улс руу импортлогдсон. Тэдний үр дүнд одоогийн бразилчууд олон үндэстний цус холилдсон өвөрмөц генитэй ард түмэн болж хувирсан.
БАРИМТ 9
Бразил бол Америк тивд боолчлолыг хамгийн анх хэрэгжүүлж хамгийн сүүлд халсан (1888 онд) орон. Рио де-Жанейро хот 1961 онд хүртэл тус улсын нийслэл хот байсан. Аялал жуулчлал өндөр хэмжээнд хөгжсөн тул бразилчууд жуулчдад үргэлж найрсаг хандаж тэдэнд тусалдаг.
БАРИМТ 10
Бразил улсад дэлхийн хамгийн том багт наадам зохион байгуулагддаг. Уг багт наадам улаан өндөгний баяраас 51 хоногийн өмнөх баасан гарагийн үдээс хойш эхэлж гурав дахь өдрийн үд дундад дуусдаг. Эдгээр өдрүүдэд гудамжинд өдөр бүр 2 сая гаруй хүмүүс цугладаг. Мөн Рио де-Жанейро хотын урд хэсэгт байх Копакабана далайн эрэг дээр 1994 онд 3.5 сая хүнийг хамарсан концерт зохиогдож байсан. Энэ нь өнөөдрийг хүртэл дэлхий дээрх хамгийн олон хүн оролцсон концерт гэх амжилтыг эзэмшсээр байна.
БАРИМТ 11
Фейжоада гэх үхэр, гахайн махтай шошны өтгөн шөл бол Бразилын үндэсний хоол. Бразилчууд хн нэгэнтэй уух зүйлс болон хоолоо хуваалцах маш дуртай бa аливаа зүйлсэд үргэлж өөдрөгөөр ханддаг ард түмэн. Тус улсын үндсэн хуүд зааснаар хүмүүс хүйс солиулах мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэх эрхтэй.
БАРИМТ 12
Бразилд нэгэн сонирхолтой зан үйл байдаг. Өсвөр насны залуус нас биед хүрч эр хүн болсон гэдгээ батлахын тулд сум шоргоолжоор дүүргэсэн бээлийг зүүж тэдний гарыг нь хатгах өвдөлтийг дор хаяж 10 минутын турш тэсвэрлэх ёстой. Уг зан үйлийг 20 удаа амжилттай үйлдсэн залуус өөрсдийгөө эр хүн гэж үзэж болно.
БАРИМТ 13
Бразил гэх нэр тус улсад ургадаг “Бразилвүүд” модны нэрээс гаралтай. Тус улсад нийт 53 ширхэг сармагчны төрөл зүйлс амьдардаг ба дэлхийн аль ч орон Бразил шиг олон төрөл зүйлийн сармагчингүй. Мөн Бразил улс био-этанол түлш үйлдвэрлэлтээрээ дэлхийд хоёрдугаар байранд ордог.
БАРИМТ 14
Бразил улс сүүлийн 150 жилийн турш үйлдвэрлэж буй кофеныхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Тус улсын газар тариалангийн аж ахуй эрхлэхэд таатай уур амьсгал кофены үр их хэмжээгээр ургах нөхцөл байдлыг бүрэн бүрдүүлж өгдөг ба нэг бразил хүн жилд дунджаар 5.5 килограмм кофе хэрэглэдэг гэх тооцоо байдаг.
БАРИМТ 15
Кофеноос гадна Бразил улс хурааж авдаг жүрж жимснийхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Дэлхий нийтийн жүрж жимсний хэрэглээний 30 хувийг Бразил улс дангаараа хангадаг гэх судалгаа ч бий. Бразил улсад хамгийн түгээмэл нэр бол Силва. Мөн Бразил улс Өмнөд Америк тивийг бусад тивүүдээс илүү онцлог болгодог Амазоны ширэнгэн ойн 60 хувийг эзэмшдэг.
БАРИМТ 16
Бразил улс дэлхийн 10 дахь том төмөр зам болон гурав дахь том авто замын сүлжээтэй. Хамгийн олон төрлийн хөхтөн амьтан, ургамал болон цэнгэг усны загас Бразил улсаас олдсон. Мөн Нил мөрний дараа бичигддэг дэлхийн хоёр дахь урт мөрөн болох Амазон мөрөн Бразил улсын нутаг дэвсгэрээр урсдаг.
БАРИМТ 17
Бразил улс 1870 оноос хойш ямар нэгэн дайнд оролцоогүй дундын байр суурийг баримталсаар ирсэн. Африк гаралтай хүмүүс тус улсын зүүн хойд хэсгээр, европ болон япон гаралтай хүмүүс урд болон зүүн урд хувиар, төв болон баруун хойд хэсгээр нутгийн уугуул иргэд ихэвчлэн амьдардаг. Мөн тус улсын хойд хэсэгт амьдардаг хүмүүс хөгжил муутай ядуу буурай байдаг бол урд хэсгийн амьдралын түвшин хамаагүй өндөр.
БАРИМТ 18
2006 онд Бразил улс бүх төрлийн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг бие даасан улс болсон. Бразил улс хойноос урд зүгт сунасан хэмжээгээрээ (4,395 километр) дэлхийд тэргүүлдэг. Бразил улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 2,994 метрийн өндөрт байрладаг Амазон дахь Пико да Неблина уул. Мөн тус улсад ЮНЕСКО-д бүртгэлтэй 21 (14 соёлын, 7 байгалийн) дэлхийн үнэт өв байдаг.
БАРИМТ 19
Бразил дахь шоронгийн хоригдлууд ном уншиж, номын тэмдэглэл бичсэнээр сар бүр уншсан номынхоо тоогоор 4 өдрийг ялынхаа хэмжээнээс хасдаг. Хэрэв та “Apple” компанийн бүтээгдэхүүнийг Бразил улсаас худалдаж авах бол жинхэнэ үнээс нь хоёр дахин үнэ төлөх болно. 1932 оны санхүүгийн хямралын үеэр бразил тамирчид Лос Анжелесын олимпоор кофе зарж байсан.
БАРИМТ 20
Бразил улсад хүн очих хориотой “Могойн арал” гэх арал бий. Уг арлын дөнгөж нэг метр хавтгай дөрвөлжинд гэхэд дор хаяж таван могой амьдардаг. Бразил улсад ил задгай тамхи татах хориотой. Бас бооцоо тавьж мөрийтэй тоглохыг Брази улс хориглодог. Гэхдээ интернет Бразил улсын нутаг дэвсгэрт харьяалагддаггүй тул тус улсад интернетээр дамжуулан бооцоо тавих боломжтой.
БАРИМТ 21
Бразил улсыг илтгэх хамгийн гол зүйлсийн нэг бол хөлбөмбөг. Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-д нийт таван удаа түрүүлж байсан гэх амжилтаараа бусад шигшээ багуудыг тэргүүлдэг. Мөн Бразил улс ДАШТ-ийг хоёр удаа зохион байгуулж байсан ба бүх ДАШТ-д эрхээ авч оролцсон цор ганц улс юм.
БАРИМТ 22
Алдартай бразил хөлбөмбөгчдийг дурдвал уртаас урт жагсаалт үүсэх бөгөөд тэдгээр эрхмүүд дундаас жишээ болгон нэрлэвэл Пеле, Гарринча, Роналдиньо, Роналдо, Неймар гэх мэт. Пеле болон Гарринча нар талбай дээр хамт гарсан үед Бразилын шигшээ баг хэзээ ч ялагдаж байгаагүй. Мөн тус шигшээ багтай тоглоод ялагдаж байгаагүй цор ганц баг бол Норвегийн шигшээ баг. Тэд хоорондоо нийт 4 удаа учраа таарч тоглосон ч 2 тоглолт тэнцээгээр өндөрлөж, 2 тоглолт Норвеги улсын ялалтаар дууссан.
БАРИМТ 23
Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2016 оны зуны олимпыг Бразил улс Рио-де-Жанейро хотод зохион байгуулсан. Энэ нь Өмнөд Америк тивд зохиогдсон анхны олимп гэдгээрээ содон байсан. Мөн тухайн жилд Бразил улсыг зорьсон жуулчдын тоо 6.6 сая хүрч байлаа. Бразилын баг тамирчид 1920 оноос хойш 18 спортын төрлөөс 37 алт, 42 мөнгө, 71 хүрэл нийт 150 олимпын медаль хүртээд байна. Хөлбөмбөгөөс гадна тус улсад волейболын спорт маш өндөр түвшинд хөгжсөн.
БАРИМТ 24
Бразил улсын төрийн далбаа ногоон, шар, цэнхэр, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Шар өнгө нь тус улсын байгалийн баялгийг, ногоон өнгө нь Бразилын үзэсгэлэнт байгалийг бэлгэддэг. Харин далбааны төв хэсэгт байрлах 27 ширхэг одтой дугуй өнгийн цэнхэр дүрс нь сансар огторгуйг илэрхийлдэг. Мөн тус дугуй дүрс дээр улсын уриа болох “Эмх журам ба хөгжил дэвшил” гэх үгийг португали хэлээр бичсэн байдаг.