БАРИМТ 1
Монтенегро бол 13,812 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 156-аар байранд) Зүүн Өмнөд Европ дахь Балканы орнуудын Адриатын тэнгисийн эрэг дээр байрладаг улс. Тус улс нь зүүн хойд хэсгээрээ Серби улстай, хойд болон баруун талаараа Босни Герцеговин улстай, зүүн хэсгээрээ Косово улстай, зүүн урд талаараа Албани улстай, баруун урд хэсгээрээ Хорват улстай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Монтенегро улсын нийт хүн ам нь 2021 оны байдлаар 620,739 байсан бөгөөд тэдний тэн хагас нь монтенегро үндэстний хүмүүс байдаг бол 30 хувийг нь серби, 9 хувийг нь босни үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт монтенегрочуудын 76 хувь нь христийн шашныг, 20 хувь нь исламын шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Тус улсын нийслэлийг Подгорица гэдэг ба уг хотод нийт хүн амынх нь 30 гаруй хувь нь амьдардаг. Улсын албан ёсны хэл Монтенегро хэл боловч Хорват, Босни, Албани, Серби гэх хэлнүүдийг Монтенегрочууд өргөнөөр ашигладаг. Монтенегро гэх нэр 15-аар зууны үеэс үүсэлтэй бөгөөд уг нэрийг орчуулбал “Хар уул” гэсэн утгатай.
БАРИМТ 4
Дундад зууны эхэн үед одоогийн Монтенегро улсын газар нутаг дээр Дуклжа, Травуниа, Рассиа гэх улсууд оршин тогтнож байсан боловч 14-15-аар зуунд Зета хаант улс үүсгэн байгуулагдсан. 14-ээр зууны сүүл үеэс 18-аар зуун хүртэл Монтенегрогийн урд хэсгийг Венецийн Бүгд Найрамдах улс эзэмшдэг байв.
БАРИМТ 5
Монтенегрочууд Османы эзэнт гүрний эзэмшилд орсныхоо дараа 1696 онд Нжегошийн ордны удирдлага дор эхлээд теократ, дараа нь шашингүй вант улс болж тусгаар тогтнолоо зарласан. Улмаар тус улсын тусгаар тогтнолыг томоохон гүрнүүд 1878 онд Берлиний хурлын үеэр хүлээн зөвшөөрч 1910 онд тус улс вант улс болон хувирсан.
БАРИМТ 6
Гэхдээ дэлхийн нэгдүгээр дайны дараа Монтенегро улс хөрш зэргэлдээх орнуудынхаа адилаар Югославын нэг хэсэг болсон. Гэхдээ 1990-ээд оны Югославын задралын үеэр 1992 онд Монтенегро улс Серби улстай хамтран холбооны улсыг байгуулсан. Гэвч тус улс удаан хугацаанд оршин тогтноогүй.
БАРИМТ 7
Монтенегрочууд 2006 оны зургадугаар сарын 3-нд Серби улсаас өрх тусгаарлаж тусгаар тогтнолоо дахин нэг удаа зарласан. Тус цаг үеэс хойш Косово болон Өмнөд Судан улсууд тусгаар тогтнолоо зарласнаар Монтенегро улс өнөөдрийн байдлаар дэлхийн гурав дахь залуу орноор нэрлэгдэж байна.
БАРИМТ 8
Монтенегро улс бол хүний хөгжлийн индексээр дэлхийд 48-аар байранд бичигддэг ба дунджаас дээгүүр орлоготой эдийн засагтай хөгжиж буй орон. Тус улс НАТО, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Европын зөвлөл гэх олон улсын холбоонуудын гишүүн бөгөөд Газар дундын тэнгисийн холбоог үүсгэн байгуулагч орнуудын нэг.
БАРИМТ 9
Мөн Монтенегро улс Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан ба одоогийн байдлаар тэдний гишүүнчлэл бүрэн зөвшөөрөгдөөгүй байна. Монтенегро улс парламентын засаглалтай ба одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Мило Джуканович (ерөнхийлөгч), Дритан Абазович (ерөнхий сайд) гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 10
Балканы бүс нутаг дахь хамгийн том нуур болох Скадар нуурын гуравны хоёр нь Монтенегро улсын газар нутагт оршдог. Уг цэнгэг уст нууранд 270 гаруй шувуудын төрөл зүйлс (ихэнх нь нүүдлийн шувууд) амьдардаг. Тус улс бусад орнуудтай харьцуулахад бага хүн ам болон жижиг газар нутагтай ч аялал жуулчлал тэргүүтэй салбаруудынхаа ачаар олон улсад өрсөлдөх чадвартай.
БАРИМТ 11
Монтенегро улс Адриатын тэнгист нийт 117 ширхэг далайн эрэгтэй бөгөөд далайн хилээ Итали улстай хуваалцдаг. Тус улсын нийт газар нутгийн 60 гаруй хувь нь далайн түвшнээс дээш 1,000 метрийн өндөрт оршдог. Харин хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,522 метрийн өндөрт орших Дурмитор уулс дахь Боботов Кук гэх оргил.
БАРИМТ 12
Гадаад харилцаанд Монтенегро улстай хамгийн дотно орнууд бол Серби, Итали, Герман, Унгар болон Хорват. Аялал жуулчлалаас гадна ган хийц, хөнгөн цагаан, хүнсний үйлдвэрлэл гэх салбарууд улсынхаа эдийн засагт нэлээд сайнаар нөлөөлдөг. Мөн тус улсаас гар хийцийн хивс, модон сийлбэр, филигран үнэт эдлэл, дарс гэх мэт эд зүйлсийг худалдаж авахад тохиромжтой.
БАРИМТ 13
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн гаргасан судалгаанаас харахад Монтенегро улсын аялал жуулчлалын салбар ирээдүйд цар улам хүчирхэгжиж 10 жилийн дараа гэхэд 8.8 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Монтенегро улсын түүхэн дурсгалт эртний суурин газрууд жуулчдыг ихээр татдаг.
БАРИМТ 14
Бжелопавликийн хөндийн дээгүүр байрлах Острог хийд нь христийн ертөнц дэх хамгийн алдартай, хамгийн олон хүн очиж үздэг бунхнуудын нэг юм. Уг бунхныг 17-аар зуунд Гэгээн Василий хадан дунд сийлж байгуулсан. Мөн Монтенегро улс анх 1878 оны долдугаар сарын 13-нд дэлхийн 27 дахь бүрэн эрхт улсаар хүлээн зөвшөөрөгдөж байсан тухай дурдсан. Тэгвэл тэд долдугаар сарын 13-ыг үндэсний амралтын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг.
БАРИМТ 15
Монтенегро улсын далайн эргээс зайдуу орших хойд хэсгийн өвөл бүс нутагтаа хүйтэнд тооцогддог. Өвлийн улирлаас Монтенегро улсыг зорих жуулчдын тоо эрс багасдаг бөгөөд өдрийн цагаар агаарын температур нь дунджаар Цельсийн +4 хэм байдаг. Монголчуудад уг температур дулаан санагдаж болох ч ихэвчлэн халуун орныг илүүд үздэг жуулчдын хувьд тохиромжтой цаг агаар яав ч биш.
БАРИМТ 16
Монтенегрочууд бол маш өндөр ард түмэн. Монтенегро эрчүүдийн дундаж өндөр 1.83 метр байдаг бөгөөд тэд нидерланд эрчүүдийн араас өндрөөрөө дэлхийд хоёрдугаар байранд бичигддэг. Шударга, даруу зантай, шударга ёсны төлөө өөрийгөө золиослох зоригтой, бусдыг хүндэлдэг хүмүүсийг Монтенегро улс даяараа хүндэлдэг.
БАРИМТ 17
Хэрэв Монтенегро хүмүүс таныг ямар нэгэн тэмдэглэлт өдрөөр эсвэл оройн хоолонд гэртээ уривал заавал нэг лонх дарс болон нэг хайрцаг кофе авч очих ёстой. Уг ёсыг ихэвчлэн Монтенегро хүмүүс хоорондоо л биелүүлдэг боловч гадаад хүмүүс тэдний ёс заншлыг дагах үед тэдэнд туйлын эерэг сэтгэгдэл төрүүлэх болно.
БАРИМТ 18
Нийт Монтенегрочуудын 65 хувь нь томоохон хотуудад амьдардаг бол үлдсэн хэсэг нь хөдөө орон нутагт харьяалалтай. Маш жижиг газар нутагтай боловч жуулчдын очиж үзэх орнуудын жагсаалтад үргэлж багтдаг Монтенегро улсад нийт таван ширхэг олон улсын нисэх онгоцны буудал байдаг.
БАРИМТ 19
Монтенегро нийт 250 километр үргэлжилдэг хурдны замтай ба ердөө ганцхан нисдэг тэрэгний буудалтай. Хэдийгээр Европын холбооны гишүүн орон биш боловч тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро. Мөн Монтенегро улсад дэлхийн ямар ч улс оронд харьяалалгүй 4,000 гаруй хүн амьдардаг.
БАРИМТ 20
Европ тивийн хамгийн том болон гүнзгий, дэлхийн хоёр дахь том хавцал болох Тара голын хавцал Монтенегро улсад байдаг. Уг хавцал нь нийт 82 километр урттай бөгөөд 1,300 метрийн гүн. Мөн та Монтенегро улсаас Европ тивийн хамгийн хөгшин модыг олж болно. Уг оливын модыг Стара Маслина гэдэг ба 2,000 жилээс хамаагүй илүү настай.
БАРИМТ 21
Монтенегрочууд дэлхий дээрх хамгийн залхуу хүмүүсийн эгнээнд зүй ёсоор тооцогддог. Тус улсын Етно тосгон дэлхийн залхуу олимпыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд уг тэмцээний ялагч болохын тулд оролцогчид хамгийн удаан хугацаанд хэвтэх ёстой. Одоогийн байдлаар энэхүү тэмцээний дээд амжилт нь 49 цаг.
БАРИМТ 22
Монтенегро улсад хамгийн алдартай спорт бол усан поло. Тус улсын эрэгтэй шигшээ баг дэлхийн лигийн гурван удаагийн аварга, 2008 оны Европын аварга, 2013 оны ДАШТ-ий мөнгөн медаль гэх амжилтуудыг гаргасан. Мөн усан пологоос гадна хөлбөмбөг, сагсанбөмбөг гэх спортууд Монтенегро улсад нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Монтенегро улсын баг тамирчид олимпд бие дааж оролцож эхэлснээсээ хойш цор ганц мөнгөн медалийг Лондонгийн олимпын эмэгтэйчүүдийн гандболын төрөлд хүртэн.
БАРИМТ 23
Монтенегро улсын төрийн далбаа нь алтан шар өнгийн эмжээртэй улаан дэвсгэр дээр төрийнхөө сүлдийг дүрслэн үзүүлсэн байдаг. Хоёр толгойт бүргэд нь сүм болон төрийн хоорондох найрсаг харилцааг, улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тулалдах үедээ амиа алдсан дайчдын цусыг, алтан шар өнгө нь хаадын өвийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
Монтенегро улсын насанд хүрсэн иргэдийн 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Мөн тус улсын зэвсэгт хүчин 2,400 гаруй идэвхтэй цэргийн албан хаагчидтай бөгөөд НАТО-гийн орон тул хэрэв ямар нэгэн улс Монтенегро улсын газар нутаг руу халдах юм бол тус холбооны үлдсэн 29 улс хариу арга хэмжээ авч Монтенегро улсыг хамгаална.