Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын тухай хүүрнэсэн бичлэгийг орой болгон өөрийн цахим хаягуудаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн ням гарагт цацсан бичлэгийнхээ үеэр Украин-Польш улсууд түүхэнд бичигдэх хэмжээний хамтарсан гаалийн хяналттай болж байгаа гэдгээ зарлажээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Бид Польш улстай удаан хугацаанд хэлэлцэж улсынхаа хилийн дэг журмыг өөрчлөх шийдэлд хүрсэн. Би та бүхэнд Польш улстай хамтарсан гаалийн хяналтыг танилцуулж байна. Энэхүү шийдвэр манай орны гааль дээрх авилгын хэмжээг эрс багасгаж олон эерэг нөлөөнүүдийг үзүүлэх болно.
Мөн уг шинэчлэлтийг хийснээр бидэнд Европын холбооны гаалийн нэгдсэн орон зайд бид нэгдэхэд хялбар байх болно. Украин-Польшийн хоорондын харилцаа ямар ч асуудалгүй эмх цэгцтэй байгаа. Хоёр улсын ард иргэд үүрд мөнхийн холбоотой ахан дүүс болсон. Украин-Польшийн эв нэгдлийг хэн ч эвдэж чадахгүй.
ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш ойролцоогоор 3.5 сая украинчууд Польш улс руу дүрвээд байна. Энэхүү цаг үед Польш улс манай улсын иргэдийг нээлттэй хүлээн авч өөрсдийн иргэдтэйгээ адил хэмжээний эрх эдлэх боломжуудыг нь хангаж өгсөн. Ийм тул манай орон ч гэсэн польш хүмүүст зориулсан тусгай хуулийн төслийг батлах бодолтой байгаа. Гэхдээ польш хүмүүс эх орноосоо дүрвэж гарах нөхцөл байдалд орохгүй байх гэж бодож байна. Бид энэхүү шинэ хуулиараа Польш улсад чин сэтгэлээсээ талархаж байгаа гэдгээ харуулах зорилготой” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)