ОХУ-ын иргэн 21 настай танк командлагч Вадим Шишимарин Украин улсын иргэн 62 настай Александр Шелиповыг зэвсэггүй байх үед нь хөнөөсөн хэргээр дайны гэмт хэрэгт буруутгагдаж өнгөрсөн лхагва болон пүрэв гарагт Киевийн дүүргийн шүүхээр орсон.
Уг шүүх хуралд Александр Шелиповын бэлэвсэн эхнэр Катерина Шелипов оролцож орос цэргээс хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа эсэхийг нь асуухад Вадим Шишимарин, “Хийсэн хэргээ би хүлээн зөвшөөрч танаас уучлалт хүсэж байна. Гэхдээ таныг намайг уучлах боломжгүй гэдгийг би ойлгож байгаа” гэж хариулжээ.
Үүний дараа Катерина Шелипов, “Орос цэргүүдийн Украин улсад ирсэн зорилгыг надад хэлээч? Биднийг хамгаалах гэсэн биз дээ. Та нар намайг нас барсан нөхрөөс минь хамгаалж түүний амийг хөнөөсөн юм уу?” гэж асуухад Вадим Шишимарин хэлэх үггүй зогсож байсан тухай нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсэн. Тэрбээр хоёрдугаар сарын 24-нд орос цэргүүд Украин улсын газар нутаг руу халдаж эхэлснээс хойш олзлогдон шүүх хурлаар орж буй анхны орос цэрэг бөгөөд Украин улс 11,000 гаруй дайны гэмт хэргүүдийг шалгаж байгаа. Мөн шүүх хурлын үеэр Вадим Шишимарины өмгөөлөгчийн хэлснээр түүнийг дайны гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн ОХУ-ын тал түүнтэй огтхон ч холбоо барилгүйгээр залуу цэргийг хүний нутагт хөсөр хаясан гэнэ.
Вадим Шишимарин хийсэн хэргээ тайлбарлахдаа, “Би болон манай хэдэн цэргүүд үндсэн армиасаа хол үлдсэн байсан. Тийм учраас машин хулгайлаад явж байх үедээ хохирогчтой таарсан. Тэр унадаг дугуй унаад утсаар ярьж байсан болохоор манай захирагч түүнийг бидний тухай мэдээлэл дамжуулж байна гэж бодоод надад гал нээх тушаал өгсөн. Надад тушаалыг биелүүлэхээс өөр арга байгаагүй тул хохирогч руу ойрын зайнаас гал нээж түүнийг хороосон” гэжээ. Одоогийн байдлаар Украины шүүх түүнд бүх насаараа шоронд хоригдох ял өгөхөөр төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (7)