Энэтхэг улсын зүүн урд байрладаг арлын жижиг орон болох Шри-Ланка улс тусгаар тогтносноосоо хойш сүүлийн 70 жил дэх хамгийн том эдийн засгийн хямралтайгаа нүүр тулж байгаа билээ. Улмаар сингалчууд нийслэл хот болох Коломбогийн гудамж талбайд гаран жагсаж байсан ч уг энх тайван жагсаал тун удалгүй хүчирхийллийн шинжтэй болж улсынхаа удирдагчдын орон гэрийг галдан шатааж дээрэм тонуул хийж эхэлснээр Шри-Ланкад эмх замбараагүй байдал тогтож ерөнхийлөгч нь цагдаагийн албан хаагчдад хүчирхийллийн шинж чанартай үйлдэл гаргаж буй хүмүүс рүү гал нээх эрх өгсөн.
Тэгвэл өмнөх пүрэв гарагт томилогдсон Шри-Ланкын шинэхэн ерөнхий сайд Ранил Викремесингхэ зурагтаар, “Хэрэгцээт импортын бараануудаа татан авахын тулд манай улсад ойрын хэдэн хоногийн дотор 75 сая ам.долларын гадаад валют хэрэгтэй. Мөн иргэдийнхээ цалинг тавихын тулд мөнгө хэвлэхээс өөр арга алга. Улсын эзэмшилд байдаг Шри-Ланкын агаарын тээврийн компаниудыг хувьчлахаас өөр аргагүй болж байгаа бөгөөд манай улсад нэг хоногийн л шатахууны нөөц байна. Дараагийн хэдэн сар бидний амьдралын хамгийн хүнд цаг үе байх болно” гэжээ.
Эх сурвалж: BBC