Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зарлага 5.1 их наяд төгрөг болсон байна. Ингэснээр тэнцвэржүүлсэн тэнцэл 292 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг хэлнэ.
-Өмнөх онуудын тэнцвэржүүлсэн тэнцэлийг авч үзвэл 2020 онд -4,539,140.3 төгрөг 2021 онд -2,908,752.8 төгрөгийн алдагдалтай гарч байжээ.
Харин төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 371 тэрбум төгрөгөөр буюу 8.4 хувиар өссөн байна. үүнд бусад татвар, төлбөр, хураамж 555 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 280 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 244 тэрбум төгрөгөөр өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад татварын бус орлого ААН-ын орлогын албан татвар 708 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Тэнцвэржүүлсэн орлого нь татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ. Татварын орлогод орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдэл өртгийн албан татвар, онцгой албан татвар, тусгай зориулалтын орлого, гадаад үйл ажиллагааны орлого, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогыг оруулна. Татварын бус орлого нь нийтлэг татварын бус орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлого, улсын төсөв орон нутгийн төсөв хоорондын шилжүүлгээс бүрдэнэ. Төсвийн зарлагыг урсгал зардал, хөрөнгийн зардал, цэвэр зээл гэж ангилна. Урсгал зардалд бараа, үйлчилгээний зардал, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба шилжүүлэг багтана. Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг (ашиг/алдагдал) нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж, нийт зарлага, цэвэр зээлийн зөрүүгээр тодорхойлдог байна.
Т.Мөнхжаргал