Орос-Украины нөхцөл байдлаас болж Европ тивд эмх замбараагүй байдал үүсээд байгаа энэ үед Финланд болон Швед улсууд цэргийн ямар нэгэн эвсэлд элсэхгүй байх бодлогоо өөрчлөн НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргахад бэлэн болоод байгаа билээ. Тэднийг хүсэлтээ гаргасны дараа НАТО-гийн гишүүд болох 30 орны төлөөлөгчид хуралдан улсынхаа байр суурийг илэрхийлж тэднийг элсүүлэх эсэх талаар хэлэлцэж санал хураалт явуулдаг. Ямар нэгэн орон НАТО-д элсэхийн тулд бүх гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрөх ёстой. Харин Швед болон Финланд улсуудын нөхцөл байдал дээр Турк улс тэдний НАТО-д элсэх боломжийг хаах магадлалтай байна.
Турк улсын ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган, “Юуны өмнө, манай улсад хориг тавьдаг орнууд НАТО-д элсэх хүсэлт гаргавал бид шууд зөвшөөрөхгүй. Хэрэв тэд НАТО-д элсэн орвол НАТО цаашид улс орнуудын аюулгүй байдлыг хангадаг бус террористуудыг дэмждэг тэдний үүрлэдэг байгууллага болж хувирах болно. Тэд террористуудыг хүлээн зөвшөөрч тэдэнд улсаа удирдах тусгай албан тушаалуудыг хүртэл өгсөн. Тэдэнд яаж итгэх билээ? Гэхдээ энэ бидний эцсийн шийдвэр биш бөгөөд Финланд, Швед улсуудын төлөөлөгчидтэй уулзаж энэ асуудлын тухай хэлэлцсээр байгаа” гэж хэлсэн.
Түүний дурдсан террористуудын хувьд гэвэл тэрбээр сүүлийн хэдэн аравны турш тусгаар тогтнолоо зарлаж Турк улсаас өрх тусгаарлахыг оролдсоор байгаа Курдистаны ажилчдын намыг хэлсэн юм. Уг намын гишүүд Финланд, Шведийн парламентад байдаг бөгөөд Турк, Европын холбоо болон Америкийн Нэгдсэн улс уг намыг албан ёсоор террористууд гэж үздэг.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)