Швед улсын ерөнхий сайд Магдалена Андерссон Орос-Украины нөхцөл байдлаас болж Европ тивд эмх замбараагүй байдал тогтоод байгаа энэ үед ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө Швед улсыг НАТО-д элсэн орох эсэх талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Манай Нийгмийн ардчилсан намын хувьд Швед улс болон нийт ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө гаргах хамгийн зөв шийдвэр бол НАТО-д элсэх гэж бодож байна. Бид энэ шийдвэрийг удаан хугацааны турш хийсэн судалгааны үндсэнд гаргасан. Мэдээж уг шийдвэр манай улсын 200 гаруй жилийн турш баримталж ирсэн байр суурийг өөрчлөх болно. Цэргийн холбоотонгүй байх бодлого манай улсад үнэхээр сайн үйлчилсээр ирсэн. Гэхдээ ирээдүйд үр дүнтэй байна гэдэгт нь бид итгэлгүй байгаа. Бид бодит байдалтай эвлэрч шийдвэрээ гаргах ёстой. Хоёрдугаар сарын 24-өөс өмнөх болон дараах Европ тивийн нөхцөл байдлууд хоорондоо тэнгэр газар мэт ялгаатай” гэж хэлжээ. Швед улс нь Финланд улсыг НАТО-д элсэх хүсэлтээ гаргасны дараа албан ёсны хүсэлтээ тавих төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN