БАРИМТ 1
Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор улс нь 15,007 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Зүүн Өмнөд Азийн Тимор гэх арал дээр байрладаг. Тус арлын баруун хэсэг Индонез улсын харьяанд байдаг тул Зүүн Тимор улс арлын зөвхөн зүүн хэсгийг эзэмшдэг. Ийм учраас Зүүн Тимор улс хуурай газрын цор ганц хөрштэй.
БАРИМТ 2
16-аар зуунд португаличууд Зүүн Тиморыг эзлэн авсан бөгөөд 1975 оны арван нэгдүгээр сарын 28-нд тусгаар тогтнолоо зарлах хүртлээ Португалийн Тимор гэх нэртэйгээр оршин тогтносон. Гэвч уг үйл явдлаас хойш есөн өдрийн дараа индонезчүүд Зүүн Тимор луу довтолж тэднийг дараа жилдээ Индонез улсын 27 дахь аймгаар бүртгэн авсан.
БАРИМТ 3
Индонезийн Зүүн Тимор дахь эзлэн түрэмгийлэл нь нутгийн салан тусгаарлагч бүлгүүд болон Индонезийн арми хоорондын олон арван жил үргэлжилсэн хүчтэй тэмцлийг эхлүүлсэн. Үүний дараа 1999 онд НҮБ-ын ивээн тэтгэлэгтэй бие даасан шийдвэрийн үр дүнд Индонез улс Зүүн Тиморын нутаг дэвсгэрийг хянахаасаа татгалзсан.
БАРИМТ 4
Улмаар зүүн тиморчууд 2002 оны тавдугаар сарын 20-нд тусгаар тогтнолоо зарлаж НҮБ-д элсэн орсон. Ингэснээр тус улс нь 21-ээр зуунд шинээр үүссэн хамгийн анхны улсаар нэрлэгдсэн ба Ази тивийн хамгийн залуу улс юм. Мөн Зүүн Тимор нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст тэр чигтээ байрладаг Ази тивийн цор ганц орон.
БАРИМТ 5
Зүүн Тимор улс Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоонд нэгдэж уг холбооны 11 дэх орон болсон. Зүүн Тимор улсын газар нутаг дээрээс 42,000 жилийн настай археологийн олдворууд олдсон бөгөөд энэ нь тус газрыг орчин үеийн хүн төрөлхтний хамгийн эртний өлгий нутгуудын нэг болгодог.
БАРИМТ 6
Зүүн Тимор улсын нийт хүн ам нь 1,3 сая бөгөөд тэдний 99.5 хувь нь христийн шашныг шүтдэг. Тэр дундаа 97 хувь нь христийн шашны католик урсгалыг шүтэн дээдэлдэг юм байна. Зүүн Тимор нь Зүүн Өмнөд Азийн католик шашин давамгайлсан хоёрхон улсын нэг нь юм.
БАРИМТ 7
Зүүн Тиморын албан ёсны хэлнүүд нь португали болон темур боловч тэднээс гадна нутгийн уугуул овог аймгуудын 15 хэл өнөөдрийг хүртэл тус улсад ашиглагдаж байгаа. Мөн ихэнх зүүн тиморчууд англи болон индонез хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг.
БАРИМТ 8
Зүүн Тимор улсын нийслэл хотыг Дили гэдэг ба уг хот нь тимор арлын зүүн хойд талын далайн эрэг дээр байрладаг. Хотын хүн ам нь 222,000 бөгөөд Зүүн Тиморт Дилигээс том хот байхгүй. Зүүн Тимор улс нэгдмэл хагас ерөнхийлөгчийн засаглалтай ба ерөнхийлөгчийг нь Фраансишку Гутерриш гэдэг.
БАРИМТ 9
Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1942-1945 оны хооронд Зүүн Тиморын газар нутгийг Япон улс эзэмшилдээ байлгаж байсан бөгөөд Тимор арал дээр Австралийн зэсэгт хүчин хүчтэй тулаануудыг хийдэг байв. Уг тулаануудаас болж 60,000 гаруй зүүн тиморчууд амь насаа алдсан.
БАРИМТ 10
Тус улсын түүхэнд хоёр эрхэм Нобелийн шагнал хүртсэн. Хосе Рамос-Хорта болон Карлос Филипе Хименес Бело нар Зүүн Тимор дахь зөрчилдөөнийг энх тайвны замаар шийдсэн тулд тэд нарт Нобелийн энх тайвны шагналыг хамтад нь хувааж 1996 онд гардуулсан.
БАРИМТ 11
Зүүн Тимор бол ЮНЕСКО-д бүртгүүлсэн дэлхийн үнэт өв болох газаргүй 27 орны нэг юм. Үүнээс гадна тус улсад ирээдүйд ЮНЕСКО-д орох боломжтой бүртгүүлсэн газар ч байхгүй. 2016 онд эрдэмтэд Зүүн Тиморын уснаас 643 гаруй зүйлийн амьтдыг бүртгэн авсан ба тэдний ихэнх нь шинээр бүртгэгдсэн ховор амьтад байв.
БАРИМТ 12
Зүүн Тимор улсад дэлхий дээрх долоон төрлийн далайн яст мэлхийн зургаа нь амьдардаг бөгөөд 2,000 гаруй төрлийн хадны загаснууд байдаг. Зүүн Тимор нь Номхон далайн баруун хэсэгт орших шүрэн арлуудын гурвалжинд байрлалтай тул тус улсад маш олон төрлийн (600 орчим хадны шүр) шүр бий.
БАРИМТ 13
Зүүн Тимор улсад цэнхэр халим, далайн гахай, дельфин гэх мэт дор хаяж 22 төрлийн далайн хөхтөн амьтад амьдардаг. Мөн тус улсад дугонг гэх маш ховор төрлийн далайн амьтан байдаг. Ихэнх орнууд тус амьтныг агнахыг хориглож өсгөж үржүүлэх тал дээр анхаарал тавьдаг хэдий ч бусад аюулуудаас болж дугонгуудын нөхцөл байдал тийм ч сайн биш байгаа.
БАРИМТ 14
Зүүн Тиморын “Эх орон” гэх нэртэй төрийн дуулал хамгийн анх зүүн тиморчуудыг Португалийн колоничлолоос гарах үед эгшиглэж байсан бөгөөд дууны үгийг бичсэн Франциско Боржа Да Коста гэх зохиолч хэдхэн хоногийн дараа Индонезийн эзлэн түрэмгийллийн үеэр амиа алдсан.
БАРИМТ 15
Зүүн Тимор бол дэлхий дээрх хамгийн бага тооны жуулчид хүлээн авдаг орнуудын нэг юм. 2017 онд Зүүн Тимор улс 74,000 жуулчдыг хүлээн авсан бол тэдний хөрш Индонез улс тухайн жилд нь 13 сая жуулчдыг хүлээн авчээ. Зүүн тиморчуудын уг гарлыг судалж үзвэл тэд бол Австралийн уугуул иргэд юм. Австрали улс Тимор арлын дөнгөж урд нь байрладаг.
БАРИМТ 16
Жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Зүүн Тимор дахь үзвэрүүдийн нэг бол 27 метрийн өндөртэй Есүсийн хөшөө. Уг хөшөөг 1996 онд Индонезийн засгийн газрын тусламжтайгаар бүтээн байгуулсан. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүн худалдаж авах чадвараараа Зүүн Тимор улс Ази тивдээ доогуур ордог. Тус улс нь Зүүн Азийн хамгийн ядуу орон.
БАРИМТ 17
Зүүн Тимор бол дэлхийн хоёр дахь хамгийн их өлсгөлөнгийн хувьтай орон юм. 2021 оны дэлхийн өлсгөлөнгийн индексээр Зүүн Тимор улс гамшгийн хэмжээнд хүрсэн өлсгөлөнтэй орнуудын эгнээнд багтсан. Ийм учраас зүүн тиморчууд бол дэлхийн хамгийн бага илүүдэл жинтэй ард түмний нэг. Тэд дэлхийн 191 орны орсон илүүдэн жингийн тухай жагсаалтын 186-аар байранд жагссан.
БАРИМТ 18
Зүүн Тиморт Лена Хара гэх том агуй бий. Тэнд эрдэмтэд радио нүүрстөрөгчийн туршилт хийж 30,000 жилийн өмнөх загасны дэгээ, 10,000 жилийн өмнөх сийлбэр, 6,000 жилийн настай зургуудыг олсон. Тус улсад эмэгтэйчүүдийн улс төр болон нийгэмдээ үзүүлэх үр нөлөө маш их. Жишээлбэл одоогийн парламентын гишүүдийнх нь 38 хувь нь эмэгтэйчүүд.
БАРИМТ 19
Дэлхийн Банкнаас гаргасан судалгаанаас үзэхэд зүүн тиморчуудын ядуурлын түвшин маш өндөр. Гэхдээ уг нөхцөл байдал жил өнгөрөх тусам улам дээрдсээр байгаа. Та Зүүн Тимор луу очихын тулд зөвхөн Сингапур, Индонез, Австрали гэх улсуудаар дамжин шууд нислэгээр нисэх боломжтой.
БАРИМТ 20
Зүүн Тиморын баг тамирчид бие дааж (өмнө нь тэд Индонезийн туг дор оролцдог байсан) хамгийн анх 2004 оны Афины олимпын наадамд хөнгөн атлетик, бокс болон хүндийг өргөлтийн төрлүүдээр оролцож байсан бөгөөд 2014 оны Сочигийн өвлийн олимпд мөн оролцсон. Одоогийн байдлаар зүүн тиморчууд ямар нэгэн олимпын медаль хүртээгүй.
БАРИМТ 21
Зүүн Тиморын төрийн далбаа нь улаан, шар, хар өнгөнүүд болон цагаан өнгийн одны дүрснээс бүрддэг. Хар өнгө нь колоничлолын дор өнгөрүүлсэн дөрвөн зууныг, шар өнгө нь тусгаар тогтнолоо олж авах үед тулгарч байсан тэмцлийг, улаан өнгө нь зүүн тиморчуудын зовлон шаналлыг, цагаан өнгийн од нь итгэл найдварыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 22
Тус улсын засгийн газар нь улсынхаа нийт төсвийн 10 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Сургуульд суралцдаг хүүхдүүдийн ихэнх хувь нь охид байдаг бөгөөд насанд хүрсэн зүүн тиморчуудын 68 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Мөн Португали улс Зүүн Тиморын улсын сургуулиудын нийт төсвийн 3 хувийг нь хангадаг ба сургуулиудыг португали хэл дээр хичээлээ заахыг уриалдаг. Мөн Филиппин улсаас багш нар олноороо англи хэл заах гэж Зүүн Тиморт ирдэг.
БАРИМТ 23
Зүүн Тимор нь хуурай болон чийглэг гэсэн үндсэн хоёр улиралтай ба тус улсын дундаж агаарын температур Цельсийн 25-32 хэм байдаг. Чийглэг улирал нь арван нэгээс дөрөвдүгээр сар хүртэл, хуурай улирал нь жилийн бусад үед үргэлжилдэг. Далайн эргийн бүсээр жилд дунджаар 2,500 миллиметр, төвийн уулархаг бүсээр 1,700 миллиметр хур тунадас унадаг.
БАРИМТ 24
Зүүн Тимор улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь манай орны шигшээ багийн эсрэг ДАШТ-ий эрхийн төлөөх урьдчилан шатанд учраа тааран тоглож 1:0, 4:1 гэх харьцаатайгаар ялалт байгуулж байсан удаатай. Гэвч сүүлд тухайн үед Зүүн Тиморын шигшээ багт хууль бусаар тус улсын иргэншлийг авсан гадаад тоглогчид тоглосон гэдэг нь илэрсэн.