НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Австри улсын ерөнхийлөгч Александр Ванд дер Беллентэй Вен хотод хэвлэлийн бага хурал хийж байх үедээ Орос-Украины нөхцөл байдлаас болж дэлхий нийтийг хамрах хоол хүнсний хомстлын тухай ам нээлээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд дахин гарч ирэх шаардлагатай. Украин улс бол дэлхийн тав дахь их хэмжээний үр тариаг экспортoлдог орон. Харин энэхүү утгагүй дайнаас болж тус улсын бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд гарах ямар ч боломжгүй болоод байна.
Би Москва болон Киев хотод хоёр орны удирдагчидтай уулзахдаа хүн төрөлхтний хоол хүнсний хомстлын тухай маш их санаа зовж байгаа гэдгээ маш тодорхой илэрхийлсэн. Хоол хүнсний үнэ өдрөөс өдөрт өсөж буй энэхүү цагт бид маш хурдан хариу арга хэмжээ авах ёстой. Үүний тулд дэлхийн бүх орнууд эвлэлдэн нэгдэж хамтрах хэрэгтэй байна. Энэ дайн үүрд үргэлжлэхгүй. Хэлэлцээрийн ширээний ард уг дайныг хэн нэгэн эцэслэх л болно. Гэхдээ уг үйл явдлыг бид ойрын ирээдүйд тохиолдуулахыг хүсэж байна. Бид буж өгөхгүй ажиллах болно” гэжээ.
Эх сурвалж: CNN