Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой цөг үеийн нөхцөл байдлыг Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн цахим хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хүргэдэг билээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн мягмар гарагийн мэдэгдэл дээрээ Украин улсын анхны ерөнхийлөгч Леонид Кравчукийг нас барсан гэх харамсалтай мэдээг баталлаа.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Украин улсыг тусгаар тогтнолоо зарласнаас хойш 1991-1994 оны хооронд манай улсын анхны ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байсан Леонид Кравчук удаан хугацаанд хүнд өвчинтэй тэмцсэний эцэст 2022 оны тавдугаар сарын 10-нд насан эцэслэлээ. Тэр эрх чөлөөний үнэ цэнийг үргэлж мэддэг байсан. тэрбээр Зөвлөлт Холбоот улсаас салан тусгаарлах үйл хэргийг 1980-аад онд удирдан явуулсаар ирсэн. Леонид Кравчук Украин улсад энх тайван тогтоохыг чин сэтгэлээсээ хүссэн. Бид түүний мөрөөдлийг биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.