Дэлхий дээрх хамгийн их хөрөнгөтэй нэгэн болох Элон Маск өнгөрсөн сард твиттерийг 44 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон гэдгээ албан ёсоор зарласан. Тэгвэл твиттерийн өмнөх эзэд 2021 оны нэгдүгээр сард уг платформоос АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Доналд Трампын хаягийг хүчирхийллийг цаашид өдөөж олон нийтэд тараах эрсдэлтэй байсан тул бүрмөсөн түдгэлзүүлсэн.
Харин уг шийдвэрийн тухай твиттерийн шинэ эзэн Элон Маск, “Доналд Трампын хаягийг хаасан нь ёс суртахууны хувьд буруу, тэнэг шийдвэр байсан. Одоогийн байдлаар би твиттерийн албан ёсны эзэн болоогүй байна. Наймааны эцсийн үе шатууд дараагийн нэгээс хоёр сарын хугацаанд явагдаж дуусах төлөвтэй байгаа. Тиймээс Доналд Трампын хаягийг дахин сэргээнэ гэх баттай амлалтыг өгч чадахгүй нь. Гэхдээ би түүний хаягийг сэргээх бодолтой байгаа.
Миний хувьд твиттерийг хуурамч хаягуудаас цэвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ямар нэгэн хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай хууль бус зүйлсийг жиргэсэн хэрэглэгчдийн хаягийг бус жиргээг нь устгах ёстой” гэжээ.
Доналд Трампын хувьд түүний хаягийг дахин сэргээхгүй л бол дахиж шинэ хаяг нээж твиттерт орохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар тэрбээр өөрийн гэсэн “Truth Society” буюу нийгмийн үнэн гэх платформ дээрээ үзэл бодлоо идэвхтэй илэрхийлж байгаа. Хэрэв Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр болбол түүнд твиттер хаяг нь яах аргагүй хэрэгтэй.
Эх сурвалж: BBC