Финланд болон Швед гэх орнуудын НАТО-д элсэн орох тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд тэд шийдвэрээ ойрын ирээдүйд гаргах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Финландын Европын хэрэг хариуцсан сайд Тютти Туппурайнен хэвлэлд ам нээлээ.
Тэрбээр, “НАТО-д элсэх тухай эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэхдээ бид НАТО-д элсэх хүсэлтээ өгөх өндөр магадлалтай байгаа. Мэдээж бид урт удаан хугацаанд нөхөрлөсөн найрсаг хөршийн харилцаагаа хадгалахыг хүснэ. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд ОХУ Европ тивд дайн эхлүүлж дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж байна шүү дээ. Бүх хүмүүс тэдний жинхэнэ нүүр царайг харлаа.
Магадгүй энэ бол НАТО-д элсэх хамгийн зөв цаг байж болох юм. НАТО-д элсэх асуудлаар Финландын улс төрийн бүх намууд дотроо хэлэлцсэн бөгөөд энэ долоо хоногийн бямба гарагт манай нам хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Үүний дараа улсын ерөнхийлөгч бүх финландчуудыг төлөөлөн шийдвэрийг гаргах болно. ОХУ биднийг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулсан. Үүнд хариу болгож хэлэхэд манай улсын гаргах шийдвэрт ОХУ нөлөөлж чадахгүй. Тэднийг хэрцгий, дарангуйлагч удирдагчийнхаа адил хэрцгий улс гэдгийг бид бүгд харсан. Аймшигт дайныг эхлүүлсэн хэрцгий хүний ямар ч үйлдэлд бид дахиж итгэхгүй. Финланд улс бол НАТО-гийн удаан хугацаанд хамтрагч улс байсаар ирсэн” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)