Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын тухай мэдээллийг орой болгон өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичлэг хэлбэрээр дэлхий нийтэд хүргэдэг билээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн шөнийн мэдэгдэл дээрээ Израиль улсын ерөнхий сайд Нафтали Бенетэдтэй утсаар ярьж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн тухайгаа дурджээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Би Израил улсын ерөнхий сайд Нафтали Бенеттэй холбогдож улсынх нь тусгаар тогтнолын баярын мэнд хүргэж манай улсын өмнөд хэсэг дэх Мариуполь хот болон зүүн хэсгийн бүс нутгийнхаа нөхцөл байдлыг танилцуулсан. Мөн дэлхий нийтийг доромжилсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын дуулиан дагуулсан, бүдүүлэг мэдэгдлийн тухай хэлэлцсэн” гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хувьд өнгөрсөн ням гарагт ярилцлага өгөх үедээ Украин дахь цэргийн үйл ажиллагаагаа тус улсыг нацистуудаас чөлөөлөх зорилготой хэмээн тайлбарлаж байсан. Харин энэ үед сурвалжлагч нар Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийг еврей гаралтай нацистуудтай ямар ч холбоогүй хүн гэдгийг хэлэх үед, Сергей Лавров, “Магадгүй миний буруу байх. Гэхдээ Адольф Хитлер еврей цустай хүн байсан. Еврейчүүдийг хүчтэй эсэргүүцэгч тэдний хамгийн том дайсан нь еврейчүүд байдаг гэж өндөр боловсролтой, ухаалаг еврейчүүд хэлдэг шүү дээ” гэж хэлсэн. Үүний дараа Израиль улс нэн дариу хариу мэдэгдэл хийж ОХУ дахь элчин сайдын яамаа эргүүлэн татсан.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)