Дэлхийн хамгийн тайван, амьдрахад тохиромжтой орнуудын нэг болох Нидерланд улсын Утрехт хотод нэгэн зам тээврийн осол гарчээ. Гэхдээ уг ослыг үйлдсэн хэрэгтэн нь дөрвөн настай хүү байсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагийн өглөө эцэг эхийгээ ажилдаа явсан үеэр нь гэртээ ганцаараа сэрсэн бөгөөд ээжийнхээ машины түлхүүрийг аваад машин унахаар гарсан байна. Хачирхалтай нь дөрвөн настай хүүхэд машиныг асаагаад зогсохгүй замын хөдөлгөөнд нэлээд удаан оролцжээ. Улмаар бяцхан хүү зогсоолд зогсож байсан хоёр машиныг мөргөсөн даруйдаа хэргийн газраас зугтан одсон байжээ. Хэргийн газарт цагдаа нар очсон даруйдаа машиныг эзэмшигч болох хүүгийн ээжийг сэжиглэж байсан боловч энэ цаг үеэр ганцаараа явж байсан хүүг цагдаа нар мөн олжээ.
Ингэснээр уг хэргийг жаал хүүг хийсэн байх боломжтой гэж санасан цагдаа нар хүүг хэргийн газар дээр авч ирж машин яаж ажилладаг тухай асуухад тэрбээр бүх асуултад дэс дараалалтай нь үнэн зөв хариулжээ. Хүүгийн хувьд ээжийгээ машин барьж байх үед нь хажуугаас нь ажиглаж бүгдийг нь сурсан байсан бөгөөд аз болж осол гарах үед хэн нэгэн гэмтэж бэртээгүй. Цагдаа нар хүүгийн эцэг эхийг цаашид машиныхаа түлхүүрийг хүүгээс нууж байхыг зөвлөсөн ба Нидерланд улсад шинэ Макс Ферстаппен төрөн гарлаа гэж нийтлэл дээрээ бичжээ. Макс Ферстаппен бол Формула Нэгийн одоогийн дэлхийн аварга нисгэгч билээ.
Эх сурвалж: BBC