Коронавирусын халдвар 2020 оны эхээр дэлхий даяар тархаж ихэнх улс орнууд халдварыг хумихын ард иргэдээ хөл хорионд оруулж байсан билээ. Гэхдээ коронавирусын эсрэг дархлаа тогтоох вакцин бүтээгдэж хүн төрөлхтөн сүргийн дархлаатай болсны дараа улсууд хөл хориогоо цуцалж зарим нь бүр коронавирусын халдварыг бүртгэн авч тоолохоо больсон. Тэгвэл манай урд хөрш БНХАУ урдаа коронавирусын халдваргүй орон болох зорилт тавьж улсынхаа хилийг хааж, олон нийтийг хамарсан томоохон хөл хорионуудыг хэрэгжүүлсээр байгаа билээ. Тус улсад өдөрт 10,000 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр одоогийн байдлаар Шанхай, Бээжин гэх зэрэг хамгийн том хотуудынхаа тодорхой дүүргүүдийг хамруулсан 27 хотын 165 сая хүнийг хөл хорионд оруулаад байна. Мөн халдвар илэрсэн бүс нутагт амьдардаг хүмүүсээс коронавирусын шинжилгээ тогтмол авч байгаа юм байна. Уг хөл хорионоос болж зөвхөн БНХАУ-ын бус дэлхийн олон арван улсуудын эдийн засаг маш ихээр өөрчлөгдөж байгаа.
Эх сурвалж: CNN