Сүүлийн үед дэлхий даяар хүүхдүүдийн элгэнд үрэвсэл үүсгэн гэмтээдэг тодорхой бус вирусын халдвар дэгдэж эхлээд байна. Одоогийн байдлаар уг өвчний 169 тохиолдол бүртгэгдэж нэг хүүхдийн амь нас эрстжээ. Мөн тэдний 114 нь Их Британид бүртгэгдэж 10 хүүхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын мэдээлж буйгаар аденовирусын халдвар (F41) уг өвчний хамгийн гол шалтгаан байх магадлалтай.
Уг өвчнөөр өвдөж буй хүүхдүүдийн ихэнх нь тав болон түүнээс доош настай бөгөөд тэдний дотор нь муухайрч, суулгалт өгч, нүд, арьс нь шарлаж (элэг нь эрүүл биш байгааг илтгэнэ) харагддаг юм байна. Мэргэжилтнүүд уг өвчнийг илүү хялбар аргаар анагаах тухай эрчимтэй судалгаа хийж байгаа бөгөөд энэхүү өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал огцом мууддаг гэнэ. Мөн маш бага насны хүүхдүүд уг өвчнөөр өвддөг ба тэд коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй байгаа тул өвчтөнүүд давхар коронавирусын халдвар авах юм бол амь насаа алдах магадлалтай.
Энэхүү өвчин нь маш ховор тохиолддог боловч таны хүүхдэд шалтгаангүйгээр ядрах, хоолны дуршил муудах, гэдэс өвдөх, шүд, нүд, арьсны цагаан хэсэг шарлах, хар бараан өнгөөр шээх, арьс нь загатнах, өндөр хэмтэй халуурах, булчин болон үе мөчөөр нь өвдөх гэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг анзаарч байхыг зөвлөе.
Эх сурвалж: BBC