Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага өнгөрсөн лхагва гарагт ээлжит бус чуулганаа хийж ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүллээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаа өөрийн твиттер хаяг дээрээ: “ДАЖБ-ын гишүүдийн ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх эсэх дээр санал хураалт явагдсан. Улмаар ОХУ-ын гишүүнчлэлийг хүчингүй болгох шийдвэрт хүрсэн бөгөөд ОХУ ч өөрсдийн байр сууриа хамгаалалгүйгээр ДАЖБ-аас гарах хүсэлт гаргасан.” гэж жиргэжээ. Уг хуралдаанаас хэдэн цагийн өмнө ОХУ-ын засгийн газар: “Улс төрийн ялгаварлан гадуурхалтыг нээлттэй дэмждэг удирдагчтай уг байгууллагатай цаашид хамтран ажиллахгүй байх шийдвэрийг гаргаж манай улс ДАЖБ-ын гишүүнчлэлээ идэвхгүй болгохоор боллоо.” хэмээн мэдэгдээд байсан. Харин ДАЖБ-ын уг шийдвэрийг Украин улсын Гадаад хэргийн сайд Кулеба ихэд сайшааж ОХУ-ын дайны гэмт хэрэгтнүүд зөвхөн олон улсын шүүх рүү явах ёстой гэх утгатай үгсийг хэлжээ.
Эх сурвалж: CNN