ЭШЛЭЛ 1
АТГ-аас намайг яллагдагчаар татсан гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тогтоолтой нь очиж тойм төдий танилцсан. Миний тэргүүлж байсан Засгийн газрын үед гаргасан “Эм Си Эс”-ийн замтай холбоотой асуудлаар яллагдагч болж байгаа юм байна. Энэ замыг 170 гаруй тэрбум төгрөгөөх худалдаж аваад, үүнээс хойш 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон байсан. “Эм Си Эс”-ийн эзэмшиж байсан замыг “Эрдэнэс Монгол” ТӨҮК худалдаж авсан.
ЭШЛЭЛ 2
Хэн нэгэн хүн зохиол бичжээ. Хөгжлийн банктай холбоотой хэргээр МАН-ын дийлэнх хүмүүс явах гээд байж. Ингээд гуя дагаж нэг хүзүү АН-аас нэмэх ёстой болж л дээ. Тэр мөлжүүртэй хүзүү нь Алтанхуяг байж л дээ.
ЭШЛЭЛ 3
Нээлттэй сонсгол дээр намайг “Кью Эс Си”-ийн зээлтэй холбоод байсан. Яллагдагч болгоод хэрэгт татах тогтоол дээр нь тийм үг байхгүй л байна лээ. УИХ дээр тэгж зарласан нь олон нийтэд миний нэр төрийг унагаах захиалгат үйлдэл байж гэдэг нь харагдаж байна.
ЭШЛЭЛ 4
УИХ дээр олон юм яриад байхаар нэг бол ХХБ-тай холбо, эсвэл “Эм Си Эс” ХХК-тай холбо гэж зохион байгуулалттай зохиол бичиж байна.
ЭШЛЭЛ 5
“Кью Эс Си” ХХК-тай холбоотой өмнөх материалуудыг үзэхэд, 2008 онд Ерөнхий сайд С.Баяр, Х.Наранхүү сайд нарын үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гангийн үйлдвэр болгоё гээд тухайн үеийн удирдлагатай нь менежментийн гэрээ хийгээд явжээ. Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед гэрээ нь хүчингүй болоод 2009 онд анх Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Кью Эс Си” ХХК-тай гэрээ хийсэн ийм л процесс явсан байгаа юм. Намайг Ерөнхий сайд болохоос гурван жилийн өмнө шүү.
ЭШЛЭЛ 6
Үүний дараа Төрийн өмчийн хороо “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулсан нь үнэн гэдгийг нотолсон. Үндэсний аудитын газар мөн нотолсон.
ЭШЛЭЛ 7
“Кью Эс Си” ХХК надтай ямар ч холбоо байхгүй, би тэр компанийг мэдэх ч үгүй. Анх гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийе гэдэг нь Төрийн өмчийн хорооны шийдвэр байсан.
ЭШЛЭЛ 8
Намайг Ерөнхий сайд болоход Төрийн өмчийн хороог Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хүслээр Хөдөө аж ахуйн яамны харьяанд шилжүүлсэн. 2012-2014 онуудад Төрийн өмчийн хороо анх удаа Ерөнхий сайдын мэдэлд биш салбарын сайдын мэдэлд очсон нь гэсэн үг.
ЭШЛЭЛ 9
Намайг яагаад буруутан болгож харагдуулаад байна вэ гэхээр, манай Засгийн газрын огцруулж аваад Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өөрөө хөрөнгө оруулаад, өөрөө ашиглаад, төрд 30 жилийн дараа өгнө гэдэг гэрээнээс “ашиглах” гэдгийг нь авчихсан. Ингэхээр гэрээний дагуу барьчихсан төр нь ав гэдэг. Төр үүнийг хэлсэн үнээр нь авахаас өөр аргагүй болдог.
ЭШЛЭЛ 10
УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт дотор Б.Баттөмөрийн зарласан УИХ-ын 20 гишүүний нэр байхгүй шүү. Б.Баттөмөр эрх мэдлээ урвуулан ашиглаад хэвлэлээр ийм хорин хүний тухай ярьж байгаа гээд өөрөө нэмээд л хэлчихсэн байхгүй юу. Дарга дагаж далдаганадаг иймэрхүү хүмүүс байсан цагт хэлмэгдүүлэлт золиос гэдэг юм дуусахгүй.
ЭШЛЭЛ 11
Дарга дагаж далдаганадаг хүмүүс байгаа цагт хэлмэгдүүлэлт, золиос гэдэг зүйл дуусахгүй. Монголын төр Ц.Элбэгдорж хааны үед бүгд гөлөг болсон. Одоо ямар хүн нь гөлөг болгоод байгаа юм мэдэхгүй. Эрх мэдэл үзээгүй хүмүүс төрийн дээр гарахаараа шуналдаа дийлдээд авилгачид хаан болж хувирдаг юм.
ЭШЛЭЛ 12
Намайг хамсаатандаа зээл олгосон гэж ярьдаг. Гэтэл Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, Эрэл ХХК-ийн Эрдэнэбат нар миний хамсаатан болж таарч байна уу? Харин ч би намын дарга байхдаа МАН-ын хүмүүсийг санхүүжүүлсэн. Эдгээр хүмүүст би зээл өгөөгүй, миний үед зээл авсан. Тэд аль нам байх нь хамаагүй, бид гаднаас мөнгө төлж цемент авч байхад хагас босгосон цементийн үйлдвэрийг яагаад дэмжиж болохгүй гэж.
ЭШЛЭЛ 13
Н.Алтанхуягийн засгийн газрын үед ААН-үүдэд олгосон зээлүүдэд эрсдэлтэй зээл нэг ч байх ёсгүй. Учир нь аюулгүй байдлын зөвлөл гаргаад тухайн зээлийн 3\1-ийг Чингис бондоос өгсөн. Эргээд гадагшаа гаргаж зээл төлөх учраас эрсдэлд ормооргүй байна. Тэдний аль хэдийн босгосон бүтээн байгуулалтын 3\1 дээр нь Хөгжлийн банк зээл олгосон гэсэн үг.
ЭШЛЭЛ 14
Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцаа авна гэдэг миний асуудал биш, энэ бол Хөгжлийн банкны асуудал
ЭШЛЭЛ 15
2010 оны УИХ-ын тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт шаардлагатай байгаа үйлдвэр, авто замын бүтээн байгуулалтын ажлыг тусгасан. Тиймээс УИХ-ын тогтоолыг засгийн газар дэмжиж ажиллах ёстой болохоос биш шинээр тогтоол гаргасан зүйл огт биш. Ингээд тухайн салбар бондын зөвлөлөөр ордог байсан. Хэрэв бондын зөвлөлөөс дэмжигдвэл Засгийн газар зээл гаргана.
ЭШЛЭЛ 16
2017 онд орсон өөрчлөлтөөр Хөгжлийн банк УИХ, Засгийн газраас хамаарахгүйгээр бие дааж зээл олгоно гэсэн байдаг. Гэнэн сонсогдож магадгүй, гэхдээ аль нь зөв байсныг бодит амьдрал харуулна. Энэ нь нэг үгээр хэлбэр зээл гарах үгүйг ганцхан хүн, Хөгжлийн банкны ТУЗ шийднэ гэсэн үг.
ЭШЛЭЛ 17
Хөгжлийн банкны асуудлыг гаргаж ирсэн нь маш зөв. Анхнаасаа энэ асуудлыг улс төржүүлж болохгүй, намын асуудал болгоод өнгөрч болохгүй гэж олон хэлсэн. Яагаад гэвэл АН, МАН-ын байлдаан болгож хувиргаад дундаас нь хулгайч дээрэмчид хождог.
ЭШЛЭЛ 18
Уг нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг нам дотроо үзэлцээд эрүүл зүйл рүү явах байх гэж харж байсан юм. Гэтэл дийлэхгүй байгаа юм уу? Хуучин бүлэгт нь элсээд байгаа юм уу? Би сайн ойлгоогүй.
ЭШЛЭЛ 19
Н.Алтанхуягаас ямар нэг өө сэв олох ёстой. Гэхдээ улс орноо нэгтгэхийн оронд над дээр хүчээ нэгтгэдэг нь ямар учиртай юм. Улс төрийн хонгил одоо хэрнэ байна уу? Үгүй юу гэдэг дээр эргэлзээд байгаа юм. Хуучин хонгилын түлхүүрийг аваад халаасалсан байна уу? Яасан байна.
ЭШЛЭЛ 20
Эрдэнэтээс 15 хүн ирээд намайг буцааж татах жагсаал ордны гадна зохион байгууллаа гэсэн. Үүнийг үнэн үйл явдал гэж бодож байна уу? Хэрэв үнэн бол 15 хүн намайг шүүмжилж болно. Гэхдээ энэ хүмүүс Улаанбаатарт ирэх хүртэлх зардал хэрэгтэй. Бүх зүйл шударга бус болсон гэдэг нь бүгдийг мөнгөөр худалдаж авдаг болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг хүнийг гутаан доромжлохын тулд хүмүүс хөлсөлдөг болсон. Үүнд мэргэжлийн хөлсний хүмүүс ч бий.
ЭШЛЭЛ 21
Энэ миний хамгийн дургүй юм. Улс орны асуудал, тээвэр, түгжрэлийн асуудал ярихын оронд Н.Алтанхуягийн эсрэг хэдэн хүн цуглуулъя гэдгээ боль. Эрдэнэтэд намайг эсэргүүцээд жагсаж байвал би ойлгоно. Тэгтэл Улаанбаатарт ирээд жагсаж байна. АТГ-д дуудагдсан, иргэдийн жагсаал гээд гурван үйл явдал зэрэгцэж байгаа нь санаандгүй зүйл мөн болов уу?
ЭШЛЭЛ 22
Яагаад би Эрдэнэтэд нэр дэвшсэн бэ гэхээр, улс орны баялгийг цөөхөн хэдэн хүн идээд байхад би үнэхээр дургүй. Жишээлбэл, Эрдэнэтийн овоолгыг дэлбэлээд дотор нь байгаа зэсийн хэмжээ болж байвал Эрдэнэтрүү оруулаад, арай болохгүй байгааг нь дараа ашиглахаар үлдээдэг. Үүнийг овоолго гэдэг, 20 орчим овоолго байгаа. Товчхон хэлэхэд, овоолгоны тэнд үйлдвэр босгоод 33 хувийг иргэд, 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг хөрөнгө оруулагч концессын гэрээгээр долоон жил ашиглаад гар. Долоон жилийн дараа Эрдэнэт хот эзэмшинэ гэсэн. Ингэснээр Эрдэнэт хот, иргэд мөнгөтэй болно. Би үүний төлөө явсан. Гэвч олон хүнийг цочроосон бололтой.
ЭШЛЭЛ 23
Хоёр овоолгын зэсийг гаргаад зарахад хоёр тэрбум ам.доллар болно. Энэ бол хуучин үнэ буюу зэсийн үнэ 6.000 байх үеийн тооцоо. Одоо бол 10.000 болсон. Мэдээж өөрсдөө ашиглах гэж байгаа хүмүүс үүнийг овоолсон шороо гэж хэлнэ. Тэр бол шороо биш хүдэр, зэс юм. Үүнийгээ Эрдэнэтэд байгаа 100.000 орчим хүмүүстэй хуваагаач гэсэн.
ЭШЛЭЛ 24
Үнэ тогтворжуулах арга хэмжээг манай улс ганцхан хийгээд байгаа зүйл биш. Дэлхий үүнийг хийдэг. Нэр нь өөр болохоос биш авч байгаа арга хэмжээ нь адил байдлаар олон улсад хийдэг. Нефтийн үнийг тогтооход нөөцөө нэмдэгтэй адил. Үүнийг хэрэгжүүлж байгаа засгийн газрын бодлого зөв.
Сэтгэгдэл (15)