Европын холбоо 500 сая еврогийн тусламжийг Украин улсын зэвсэгт хүчинд үзүүлэхээр болсон гэдгийг өнгөрсөн лхагва гарагт тус холбооны удирдах албан тушаалтнууд баталлаа.
Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррел, “Дараагийн долоо хоногуудад хэд хэдэн чухал шийдвэрүүд гарах болно. ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын зүүн хэсэгт бүх цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа энэ үед бид Украин улсад тусламж үзүүлж тэдний амсаж болох хохирлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Одоогийн Украин улсад үзүүлж буй 500 сая еврог тооцож үзвэл Европын холбоо аль хэдийнээ 1.5 тэрбум еврогийн тусламжийг Украин улсад үзүүлээд байна. Эдгээр нь бүгд Европын энх тайвны байгууламжаар баталгаажсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх” гэжээ.
Мөн уг 500 сая евро нь цэргүүдийг хамгаалах хувийн хэрэгсэл, түлш, анхан шатны тусламжийн иж бүрдэл гэх зэрэг бараануудад зарцуулагдах юм байна.
Эх сурвалж: CNN