БНХАУ-ын хамгийн том хотуудын нэг болох Шанхай хотын 25 сая гаруй иргэд хоёр долоо хоногийг хөл хорионд өнгөрөөж байна. Дэлхийн ихэнх улс орнууд коронавирусын халдварт ач холбогдол өгөх нь багасаж байгаа боловч БНХАУ эсрэгээрээ коронавирусгүй улс болох зорилго тавин ажилласаар байгаа билээ. Коронавирусын шинэ хувилбар болох омикроноос болж Шанхай хот өмнөх долоо хоногт тэр чигтээ хөл хорионд орсон ба иргэд нь гэрээсээ гарах боломжгүй тул засгийн газрынх нь зүгээс хоол хүнсний хэрэглэгдэхүүнүүдийг хүргэлтээр өгч байгаа юм байна. Гэвч Шанхай хотын иргэд хоол хүнс болон эм тарианы хомстлоос болж нэлээд уцаарлаж буйгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байгаа. Мөн коронавирусын халдвар ид тархах үеэр хэд хэдэн жижиг хөл хориог хэрэгжүүлж байсан хэдий ч энэ удаагийнх шиг Шанхай хотыг бүхэлд нь хамарсан хөл хорио өмнө нь гарч байгаагүй. Одоогийн байдлаар тус хотыг үндсэн гурван хэсэгт хувааж бага багаар хөл хориог цуцлахаар хотын удирдлагууд ажиллаж байгаа юм байна. Хэрэв хоёр долоо хоногийн турш нэг ч халдвар илрэхгүй бол хөл хориог бүхэлд нь цуцална гэнэ. Шанхай хотоос гадна Хенан аймаг дахь Южоу хотын 1.1 сая иргэд дөнгөж гуравхан коронавирусын халдвар илэрснээс болж бүгд гэртээ хөл хорионд ороод байна.
Эх сурвалж: BBC