Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой өөрсдийн улсын аюулгүй байдлыг хангахын тулд ОХУ-тай хиллэдэг Финланд болон газар нутгийн байрлалын хувьд ойрхон оршдог Швед улсууд НАТО-д элсэн орохоор хэлэлцээ хийж эхэлсэн. Тэгвэл уг явдлаас болж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, “Финланд болон Швед улсууд НАТО-д элссэнээр Европ тивийн тогтвортой байдал улам ганхах болно. Энэхүү эвсэл нь сөргөлдөөнийг өдөөсөн хэрэгсэл хэвээр байх болно” гэж хэлжээ. Харин АНУ-ын удирдлагуудын хувьд тэдгээр улсуудыг НАТО-д элсүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Хэрэв Швед болон Финланд улсууд НАТО-д элсэн орвол уг холбооны гишүүн улсуудын тоо 32 болох болно.
Мөн Финланд болон Швед улсууд НАТО-д элсэх шийдвэрээ эцэслэн гаргавал тэдний гишүүнчлэлийг ирэх зургадугаар сард батлах боломжтой юм байна. Финланд улсын хувьд шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд зуны дунд үеэс өмнө эцсийн шийдвэрээ гаргана гэж мэдэгджээ. Финланд-ОХУ-ын хил нь 1,340 километр урттай. Харин Швед улс НАТО-д элсэх тухай эсрэг байр суурьтай байдаг байсан хэдий ч одоогийн Орос-Украины нөхцөл байдлаас болж энэ тухай дахин хэлэлцэхээр болсон.
Ийнхүү ОХУ-тай хиллэдэг орнууд НАТО-д элсэн орсоор байгаа нь мэдээж ОХУ-д таалагдахгүй. 1997 оноос хойш НАТО-д 14 орон элсэн орсон бөгөөд тэд бүгд ОХУ-тай маш ойрхон байрладаг зүүн болон төв Европын орнууд юм. Эстони болон Латви улсууд ОХУ-тай шууд хиллэдэг бол тэдний байнгын хамтрагч Беларусь улстай Польш улс мөн хиллэдэг. Мөн Гүрж болон Украин улсуудыг 2008 онд НАТО-д элсүүлэх тухай яриа гарч байсан ч ОХУ хүчтэй эсэргүүцсэний үр дүнд тэдгээр улсууд НАТО-гийн гадна үлдэж байсан билээ.
Эх сурвалж:BBC
Сэтгэгдэл (15)