Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл Люксенбург улсад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Орос-Украины нөхцөл байдлын тухай өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Орос-Украины дайн бол ОХУ-ын гаргасан маш том алдаа. Тэд Киев хотыг эзлэх гэж оролдсон ч амжилт олсонгүй. Улмаар цэргээ татсан. Тэд одоогийн нөхцөл байдалд Киев хотыг эзлэн авах боломжгүй гэдгийг ойлгосон. Ийм тул тэд бүх цэргийн хүчээ Украин улсын зүүн зах болох Донбассын бүс нутагт төвлөрүүлж байна. Тэдний эзлэн түрэмгийлэл бол аймшгийн кино л гэсэн үг. Орос цэргүүдийн дараа үлдсэн зүйлс бол амиа алдсан Украины иргэд, сүйрсэн хотууд болон аймшигт бөмбөгдөлтүүд. Ялангуяа Краматорскийн галт тэрэгний буудал дахь бөмбөгдөлт. Бид энэ дайнаас болж гарах сөрөг нөлөөнүүд хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлөх бол гэдэгт маш ихээр санаа зовж байна. Өнөөдрийн хувьд бид ОХУ-д шинэ хориг тавихгүй. Гэхдээ газрын тос болон байгалийн хийтэй холбоотой хоригуудыг тавих ажил үргэлжилсээр байгаа. Манай холбооны ОХУ-ын газрын тос болон байгалийн хийг ашигладаггүй (эсвэл маш бага хэмжээгээр ашигладаг) орнуудын хувьд ОХУ-ын эсрэг хориг тавих амархан байгаа. Гэхдээ зарим улсуудад нөхцөл байдал өөр байна. Тэд ОХУ-тай хэт их хамааралтай. Мөн дэлхий нийт ирээдүйд хоол хүнсний хомстолд орох өндөр магадлалтай. Энэ явдалд зөвхөн Кремль буруутай. Тэд Украин улсыг бөмбөгдөхийн хажуугаар дэлхий нийтийг өлсгөлөнд нэрвэгдүүлэхийг хичээж байна.”
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)