Өнгөрсөн даваа гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит нэгэн хуралдааны үеэр Украин улсыг төлөөлөгч Сергей Кислицца Орос-Украины нөхцөл байдлаас болж ээжийгээ алдсан есөн настай хүүгийн бичсэн захидлыг уншжээ.
Энэхүү захиаг орчуулбал, “Ээж ээ, гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн бэлэг болгож би энэ захиаг танд бичиж байна. Миний амьдралын хамгийн сайхан есөн жилийг надад бэлэглэсэнд баярлалаа. Хүүхэд насыг минь гайхалтай байлгасанд баярлалаа. Та бол энэ дэлхий дээрх хамгийн шилдэг ээж. Би таныг хэзээ ч мартахгүй. Таныг диваажинд аз жаргалтай байгаа гэж найдаж байна. Таныг диваажинд очсон гэдэгт би эргэлзэхгүй байна. Би ч гэсэн таны адил диваажинд очихын тулд сайн хүн байх болно.”
Кислиццагийн хэлснээр уг захиа нь хэд хоногийн өмнө Украины олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бөгөөд хүүгийн ээж ОХУ-д эзлэгдсэн хотоосоо машинаар гарах гэж байх үедээ Орос цэргүүдэд алуулсан юм байна. Хүүгийн хувьд аврагчид ирж түүнийг авартал амьсгал хураасан ээжийнхээ дэргэд машиндаа байсаар байжээ. Захиаг уншиж дууссаныхаа дараа Кислицца, “Хэрэв ОХУ араатан мэт аашлаагүй бол энэ төрлийн захидал хэзээ ч бичигдэхгүй байх байлаа. Уг явдлаас харахад олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах систем зөв ажиллахгүй байгаа гэдэг нь илт байна. Үүн дээр нэмээд ОХУ-ын Аюулгүйн зөвлөл дэх байнгын гишүүнчлэлийн эрх идэвхтэй хэвээр байсаар байна. Бид Кремлийг зогсоохгүй бол маш олон хүүхдүүд энэ хүүгийн адил өнчирч үлдэх нь. Бас маш олон ээж нар хүүхдүүдээ алдах нь” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)