Английн домогт рок хамтлаг болох Пинк Флойд Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр “Hey Hey Rise Up” гэх шинэ уран бүтээлээ цацахаар болжээ. Тус хамтлаг нь 1994 оноос хойш ямар нэгэн шинэ дуу гаргаагүй байсан юм. Уг уран бүтээлд хамтлагийн гитарчин Дэвид Гилмор, бөмбөрчин Ник Мейсон, аргил гитарчин Гай Пратт болон Нитин Савни нар оролцож байгаа бөгөөд гоцлол дуучнаар Украины Бүүмбокс хамтлагийн дуучин Андрей Хливнюк ажиллажээ. Харамсалтай нь Пинк Флойд хамтлагийн оргил үеийн үндсэн гишүүд болох Сид Баррет (2006 онд нас барсан), Рожер Уотерс (хувийн шалтгаан), Ричард Райт (2008 онд нас барсан) нар уг уран бүтээлд оролцох боломжгүй.
Хамтлагийн гоцлол гитарчин Дэвид Гилморын хувьд Украин бэр болон ач охинтой бөгөөд шинэ уран бүтээлийнхээ талаар: “Одоо өрнөж буй Орос-Украины дайн бол хүн төрөлхтний түүхэн тохиолдох томоохон үйл явдлуудын нэг. Бид уг үл явдлыг өөрсдийн дуундаа багтаахыг хүссэн. Тусгаар тогтносон, амар амгалан ардчилсан улсыг эзлэн түрэмгийлж гэм зэмгүй олон мянган иргэдийг нь хөнөөж буй бусармаг үйлдлийг манай хамтлагийнхан дэлхий нийтийн адилаар харсаар байна. Манай хамтлаг Украин улстай хамт байгаа гэдгээ мэдэгдэхийг хүссэн. Манай хамтлагийн Украин дуучин эх орноо хамгаалахын тулд дайны талбарыг зорьсон бөгөөд одоогийн байдлаар сумны хэлтэрхийд оногдсон байдалтай эмнэлэгт байгаа.” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN