“Монголын эдийн засгийн чуулган 2022” Монгол төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн салбар хуралдаан дараах чиглэлээр үргэлжиллээ. Үүнд:
- Салбар хуралдаан 1: Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал
- Салбар хуралдаан 2: Төрийн бүтээмжийн сэргэлт: Авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал
- Салбар хуралдаан 3: Боомтын сэргэлт: Тээвэр ложистикийн хямрал
Энэ үеэр УИХ гишүүн Б.Энхбаяр Төрийн өмчит компанийн засаглалын талаар хэлэлцлээ. Тэрбээр “Хувьчлалын асуудлыг одоо байгаа эрх зүйн орчноор шийдвэрлэе гэвэл өмнөх 30 жилийн алдааг ахин давтана. Өөрөөр хэлбэл төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад барилгын үнээр нь бүгдийг хулгайлсан. Мэдээлэлд ойр байгаа хүнд давуу байдал олгох байдлаар тийм зүйл хийхгүй. Бид дотооддоо ч, гадааддаа ч тэр дэлхий ертөнцөд байгаа нээлттэй, ил тод, шаардлага хангасан стандартаа барина. Гэхдээ, үүнийг судалж байна гээд цаг хугацаа алдах шаардлага байхгүй. Учир нь сүүлийн таван жилийн хугацаанд иргэд олон нийтийн оролцоог дэмжиж ажиллах тал дээр олон улсыг судалгааг хийж дүгнэлтүүд гарсан. Тиймээс бидэнд шийдэл байна, бид өмнөх алдааг давтахгүйг хүсч байна” гэв.
Т.Мөнхжаргал