Лхагва гарагт болсон дугуй ширээний уулзалтын үеэр Мариуполь хотын дарга Вадим Бойченко ОХУ-ын эсрэг тавьж буй хоригийг чангатгахыг уриалж, тэдний үйлдсэн гэх дайны гэмт хэргүүдийг олон улсын шүүх болон бусад байгууллагад бүртгүүлнэ гэжээ.
Түүний хэлснээр Мариуполь хотын барилга байгууламжийн 90 хувь нь бөмбөгдөлтөд өртөж ямар нэгэн хэмжээгээр гэмтэл авсан ба 40 хувь нь дахин сэргээгдэх боломжгүй болсон юм байна. Вадим Бойченкогийн хэлж буйгаар Мариуполь хотод Орос цэргүүдийн 300 гаруй нийтийн болон хувийн өмчийг устган сүйтгэсэн тохиолдол бүртгэгдсэн ба сүүлийн нэг сарын хугацаанд тус хотод 5,000 гаруй хүн амиа алдсаны 210 нь хүүхдүүд байжээ.
Мөн Оросын агаарын хүчин хэд хэдэн хүчтэй тэсрэх бөмбөгнүүдийг Мариуполь хотын хүүхдийн эмнэлэг болон нэгдүгээр эмнэлгийн дээрээс хаясан гэнэ. Нэгдүгээр эмнэлэг дотор 50 гаруй хүн шатаж амь насаа алдсан бөгөөд тус хотын драмын театрыг Орос цэргүүд бөмбөгдөх үед тус барилга дотор 900 гаруй хүн хорогдож байжээ.
Эх сурвалж: CNN