Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.
"Иргэд, ААН-үүд тайлбар сонсохыг бас хүсэхгүй байна. Тэгэхээр бид яаж ард, иргэдийнхээ амьдралыг хэвийн болгох вэ гэдэг тал дээр бодитой хариултуудыг өгөөд яах нь гол асуудал. Хоёрдугаарт, инфляцыг яаж тогтоож барих вэ гэдэг нь хоёрдугаар тулгамдаж буй асуудал. Мөнгөний бодлогыг чангаруулснаар сөрөг нөлөө маш их ирнэ гэдгийг бид мэдэж байгаа. Бид санхүү, мөнгөн дээр үнэхээр замбараагүй байж ирсэн.
Монголбанкны ТБҮЦ-ны үлдэгдэл хэд болчихсон байна вэ. Бодлогын хүү өссөн, зээлийн хүүн дээр өөрчлөлт анзаарагдаж байна уу. Бизнес хийхэд хэцүү болно, Монголбанк үүн дээр ер нь юу бодож байна. Нэг хэсэг бизнес хийхгүй байж бай гэж байна уу. Энэ талаас нь тодорхой хариултууд өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дайн, хил гааль гэж тайлбар өгсөөр байгаа нь хуучирчихсан".
Асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
"ТБҮЦ-ны үлдэгдэл 5.4 их наяд байна. 10 их наяд байснаас бараг хоёр дахин буучхаад байгаа. Мэдээж зээлийн болон хадгаламжийн хүү өсөж эхэлж байна. 2.5 хувиар тус тус өсөх төсөөлөл байгаа нь биелж байна. Валютын нөөцийн асуудлаар арилжааны банкнуудтайгаа уулзсан. 600-гаад сая ам.долларын своп хэлцэл хийх боломжтой гэж яригдаж байгаа. Экспортын томоохон үйлдвэрүүдийн хувьд урьдчилсан байдлаар бүтээгдэхүүнээ борлуулж зарвал 400-600 сая ам.долларын асуудал яригдаж байна. Тэгэхээр богино хугацаандаа 1 тэрбум орчим ам.долларын нөөц татагдах боломжтой байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (1)