Украин улсын ерөнхий сайд асан Арсений Яценюк хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр одоо өрнөж буй Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ыг энэхүү дайнд ялагдана гэж дурджээ.
Тэрбээр уг ярилцлагад, “Орос-Украины дайн бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гарсан дэлхий нийтэд хамгийн хүчтэй нөлөөлөх зэвсэгт мөргөлдөөн буюу дайн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Орос цэргүүдийн хийж буй үйлдлүүд бол Украины ард түмэн болон нийт хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй дайны гэмт хэрэг. Миний хувьд Владимир Путин, Оросын зэвсэгт хүчний командлагчид, гэмт хэрэг үйлдсэн Орос цэргүүдэд эцэст нь юу тохиолдож шударга ёсыг сахиулах нь сонирхолтой санагдаж байна.
Одоогийн байдлаар ОХУ бүх зүйлс нь хяналтад байгаа мэт аашилж байгаа хэдий ч Владимир Путин энэ дайнд ялагдана гэдэгт би итгэж байгаа. Энэ дайн бол эрх чөлөөт дэлхийн эсрэг дайн. Бүх хүн төрөлхтний эсрэг дайн. Миний бодлоор дайн дуусах үед Владимир Путинг ямар нэгэн аргаар торны ард суулгахын тулд олон улсын мөрдөн байцаагчид ажлаа маш сайн хийгээсэй гэж хүсэж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN