Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн даваа гарагт олон нийтийн сүлжээнд цацсан бичлэгийнхээ үеэр Орос цэргүүдийн гарт амиа алдсан гэх иргэдийн тоо Бородянка гэх мэт бусад чөлөөлөгдсөн хотуудад Буча хотоос илүү их байж магадгүй гэж хэлжээ.
Тэрбээр уг бичлэгт, “Бородянка болон бусад чөлөөлөгдсөн хотуудад амь үрэгдсэн иргэдийн тоо Буча хотод нас барсан иргэдээс хамаагүй олон байгаа гэх мэдээллүүд ирсэн. Киев, Чернигов, Сумы гэх мужуудын чөлөөлөгдсөн дүүрэг, тосгодуудад Орос цэргүүд 80 жилийн өмнөх нацистуудаас ялгаагүй зүйлсийг үйлдсэн. Эзлэн түрэмгийлэгчид уг үйлдлийнхээ хариуцлагыг хэзээ нэгэн өдөр заавал хүлээх болно. Буча хотоос одоогийн байдлаар 300 гаруй цогцос олдоод байгаа бөгөөд хотыг бүхэлд нь шалгаж дуусах үед уг тоо улам ихсэх хандлагатай байна.
Мөн хэвлэл мэдээллийн ажилчид чөлөөлөгдсөн хотуудын бодит дүр төрхийг олон нийтэд дэлгэх нь маш чухал. Тийм учраас бид Буча болон бусад хотуудад дэлхийн өнцөг булангаас ирсэн олон зуун сэтгүүлчдийг ажиллуулж байгаа. Би ОХУ-ын эзлэн түрэмгийллийн бодит байдлыг дэлхий нийтэд харуулахын тулд Украин улсад ажиллаж буй олон улсын сэтгүүлчдийн тоог хэдэн мянгад хүрээсэй гэж хүсэж байна.
ОХУ, Буча хотод үйлдсэн дайны гэмт хэргээ хэд хэдэн баримт ашиглан үгүйсгэхийг оролдсон. Гэвч тэд дэлхий нийтийг тэдгээр худал үгсээрээ хуурч чадахгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)