БАРИМТ 1
Бүгд Найрамдах Гана улс нь 238,535 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн баруун хэсэгт байрлалтай. Улсынхаа урд хэсгээр Атлантын далайд гарцтай ба Кот д’Ивуар (баруун), Буркина Фасо (хойд), Того (зүүн) гэх гурван улстай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Гана улсын нийт хүн амын тоо нь 31.1 сая. Уг хэмжээгээрээ Гана улс нь Баруун Африкийн хоёр дахь их хүн амтай улсаар нэрлэгддэг. Тэдний 71.3 хувь нь христийн шашинтай бол 19.9 хувь нь исламын шашныг шүтдэг. Мөн Гана улсын хүн ам олон төрлийн Африк үндэстнүүдээс бүрддэг ба тэднээс хамгийн их буюу аканчууд 45.7 хувийг, моле-дагбончууд 18.5 хувийг, евечүүд 12.8 хувийг тус тус эзэлдэг.
БАРИМТ 3
Одоогийн Гана улсын анхны албан ёсны улс нь 11-ээр зуунд байгуулагдсан Боно муж. Тус улсын газар нутгаар олон тооны хүчирхэг хаант улс болон эзэнт гүрнүүд оршиж байсан. Гана улсын газар нутгийн урд хэсгээр Ашанти гүрэн оршин тогтнож байсан бол хойд хэсэг нь Дагбоны хаант улсын эзэмшил байсан.
БАРИМТ 4
15-аар зууны эхэн үеэс эхлэн Португалийн эзэнт гүрэн тэргүүтэй Европын хэд хэдэн орон Гана улсын нутаг дэвсгэрийн эзэмшиж худалдааны цэг байгуулахын тулд хоорондоо зөрчилдсөөр байсан боловч 19-ээр зууны сүүл үед тус нутгийг британичууд өөрсдийн эзэмшил болгосон. Мөн колоничлолын эрин үед британичууд Гана улсын нутаг дэвсгэрийг дөрвөн өөр хэсэгт хуваан захирч байсан.
БАРИМТ 5
Алтан эрэг, Ашанти, Хойд бүс нутаг, Британийн Тоголанд гэх нэртэй байсан Гана улсын дөрвөн хэсэг нь хоорондоо эвлэлдэн нэгдэж 1957 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн улсын хувиар оршиж эхэлсэн. Ингэснээр тэд Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог анхны Африкийн бүрэн эрхт улс болсон.
БАРИМТ 6
Улмаар тэд 1960 онд Бүгд Найрамдах улсаа байгуулж Их Британийн мэдлээс бүрэн гарсан. Гана улсын нийслэлийг Аккра гэдэг ба албан ёсны хэл нь англи хэл. Гэвч тус улсын хүн ам маш олон төрлийн үндэстнүүдээс бүрддэг тул үндэстэн бүрийн 200 гаруй хэлнүүд Гана улсад өргөнөөр ашиглагдсаар байна. Гана улс нь Баруун Африкт томоохон нөлөөтэй орнуудын нэгээр нэрлэгддэг.
БАРИМТ 7
Гана улс ерөнхийлөгчийн засаглалтай ба ерөнхийлөгчийг нь Нана Акуфо-Аддо гэдэг. Тэрбээр 2017 оноос хойш уг албыг хашиж байгаа бөгөөд 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж 2025 он хүртэл албандаа үлдэхээр болсон.
БАРИМТ 8
Гана улсын засгийн газар нь 1993 оноос хойш тивийнхээ хамгийн эрх чөлөөтэй, тогтвортой засгийн газруудын нэг байсаар ирсэн ба эрүүл мэнд, эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн үзүүлэлтүүдээрээ харьцангуй сайн ажиллаж байгаа. Ихэнх ганачууд торгоор хийсэн тод өнгийн хувцас өмсдөг ба бөмбөр тоглож бүжиглэх дуртай хүмүүс байдаг.
БАРИМТ 9
Эрт дээр үеэс эхлэн ганачууд хааны ордныхон, энгийн иргэд, боолууд гэх үндсэн гурван нийгмийн бүлэгт харьяалагддаг байсан. Боолчлол орчин цагт нэр хүнд муутай болсон хэдий ч уг ангиллын систем нь өнөөдрийг хүртэл идэвхтэй ашиглагдсаар байгаа. Мөн Гана улс эрэгтэй хүн нэгээс олон эхнэртэй байх явдлыг хуулийн дагуу зөвшөөрдөг.
БАРИМТ 10
Тус улсын бэлэвсэн эмэгтэйчүүд хуучин нөхрийнхөө төрсөн ах, дүү нартай гэрлэж үр хүүхдүүдээ үргэлжлүүлэн асран өсгөх ёстой. Гана улсын соёл нь нийгэм дэх хүн бүртэй зочломтгой найрсаг хандаж, бүх орчинд зөв боловсон байж, хүн бүрийг ижил тэгш хүндэтгэхийг хамгийн ихээр чухалчилдаг. Мөн тус улсын хүн амын ихэнх хувь нь христийн шашныг шүтдэг хэдий ч тэд уламжлалт зан үйлүүдээ тогтмол үйлдсээр ирсэн.
БАРИМТ 11
Ганын соёлд ургац хураалт дуусах явдлыг баяр болгон тэмдэглэдэг ба нөхөрт гарах эсвэл хүүхэд төрүүлэх гэж буй эмэгтэй хүний төрсөн өдрийг маш ихээр чухалчлан тэмдэглэдэг. Ганачууд хүмүүсийн баян эсвэл ядуу гэх ойлголтыг тэдний эд хөрөнгийн хэмжээгээр бус хувь хүний аз жаргал, нийгмийн төлөө хийсэн зүйлс гэх зэрэг дээр нь тулгуурлан дүгнэдэг.
БАРИМТ 12
Гана улсад борооны болон хуурай гэх хоёр улирал солигддог. Хоёр улирал ээлжилдэг хэдий ч Гана нь халуун орны улс юм. Тус улсын баруун урд бүс нь маш дулаан байдаг ба чийглэг ой моддын бүсэд харьяалагддаг. Харин нийслэл хот Аккра нь илүү хуурай бүс нутагт оршдог юм байна. Борооны улирал нь дөрвөөс аравдугаар сарын хооронд үргэлжилдэг бол хуурай улирал нь арван нэгээс гуравдугаар сарын хооронд үргэлжилдэг.
БАРИМТ 13
Гана улсад байдаг Волта гэх нуур нь хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн том нууруудын нэг. Энэхүү нуур нь 8,288 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг ба бараа тээвэрлэлт болон тог цахилгааны томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд нэмэр болдог. Тус нуураас Гана улсын ихэнх хүн ам цахилгааны хангамжаа авдаг.
БАРИМТ 14
Гана улсын хамгийн ихээр экспортолдог бараа бүтээгдэхүүн бол кокоа. Тус улсад кокоаны ургац хураах ажил жил бүрийн аравдугаар сард эхэлдэг ба Гана улс нь кокоаг ургуулж, гадаад руу экспортлох хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Гана улс хүн амын их хэмжээнээсээ болж ядуу буурай орнуудын эгнээнд багтдаг.
БАРИМТ 15
Гана улс дахь их хэмжээний алтны нөөцийг 15-аар зууны үеэс британи болон португаличууд мэддэг байсан. Тэд 2012 онд дангаараа 102 тонн үнэт металлыг олборлосон ба Африк тивийн хоёр дахь их хэмжээний алт олборлогч орон юм. Харин дэлхийн тавцанд олборлодог алтны хэмжээгээрээ долдугаар байранд бичигддэг Гана улс нь алмазын нөөцөөрөө дэлхийд есдүгээр байранд жагсдаг.
БАРИМТ 16
Гана улсын урд хэсэгт амьдардаг хүмүүс нь хойд бүсэд амьдардаг хүмүүсээс баян байдаг. Энэ нь тус улсын иргэдийн ихэвчлэн ажилладаг газар тариалангийн салбар Гана улсын урд хэсэгт цаг уурын байдлаас болж илүү сайн хөгжсөн байдагтай шууд холбоотой.
БАРИМТ 17
Гана улсад хамгийн алдартай спорт бол мэдээж хөлбөмбөг. Ганын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д дөрвөн удаа оролцож байсан ба 2010 онд шөвгийн дөрөвдүгээр шат хүртэл явж түүх бүтээж байсан. Тэд хагас шигшээ шатанд шалгарах бүрэн боломжтой байсан хэдий ч Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарез хаалга руу орж явсан бөмбөгийг гараараа хаасан тоглолтыг та бүхэн санаж байгаа биз. Мөн тэд Африкийн цомд дөрвөн удаа түрүүлж байсан ба энэ жилийн ДАШТ-д оролцоно.
БАРИМТ 18
Халуун дулаан орны тамирчид хэдий ч Ганын цаначид 2010 оноос эхлэн өвлийн олимпд оролцож эхэлсэн. Ганын тамирчид нийт дөрвөн медалийг олимпын наадмаас хүртэж байсан ба хамгийн сүүлд 1992 онд Гана тамирчин олимпоос медаль авч байжээ. Тэд хөлбөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан ба үлдсэн гурван медаль нь боксын тамирчдад харьяалагддаг.
БАРИМТ 19
Кофи Аннан Гана улсад төрж өссөн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 1997-2006 оны хооронд ажиллаж 2001 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан алдарт эрхэм бол Гана улсын нүүр царай болсон алдартнуудын нэг билээ. Тэрбээр 1997 оноос өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан ба Гана улсын аялал жуулчлалын газрын дарга байжээ.
БАРИМТ 20
Гана улсын төрийн далбаа нь улаан, шар, ногоон гэх өнгөнүүдээс бүрддэг ба хар өнгийн таван хошууг төв хэсэгтээ дүрслэн үзүүлсэн байдаг. Улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн дайчдын цусыг, шар өнгө нь Гана улсын уул уурхайн баялгийг, ногоон өнгө нь байгалийн баялаг болон ой моддыг, хар өнгийн таван хошуу нь Африкийн чөлөөлөлтийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 21
Ферди Ато Абобе гэх Гана тамирчин 100 метрийн зайг хамгийн хурдан хугацаанд арагшаа харсан байдалтай туулсан гэх дэлхийн амжилтыг эзэмшдэг. Тэрбээр уг замыг 2007 онд 13.6 секундэд туулсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг амжилт эвдэгдээгүй байна. Мөн Гана гэх нэр нь “Дайчин хаан” гэх утгатай.
БАРИМТ 22
Ганын хоол хүнс нь уугуул иргэдийн хүнс болон Европын орнуудын хүнсний холимог. Та Гана улсын аль ч бүсэд очсон улаан лоолийн өтгөн шөлтэй үргэлж тааралдах болно. Энэхүү шөлийг загасны махаар хийдэг ба хүмүүс уг хоолыг акпле гэх нэгэн төрлийн зуурсан гурилтай хамт хэрэглэдэг. Мөн томоохон хотуудад гудамжны хоолнууд маш ихээр зарагддаг.
БАРИМТ 23
Гана улсын бага сургуулийн насны бүх сурагчид сургуульд үнэгүй хамрагдах боломжтой бөгөөд дунд болон ахлах сургуульдаа маш боломжийн нөхцөл байдалтайгаар хамрагддаг. Тус улсын насанд хүрсэн иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь 76.6 хувь бөгөөд уг хувь жилээс жилд өссөөр байна.
БАРИМТ 24
Ганын авснууд маш өвөрмөц загвар хийцтэй байх нь элбэг. Учир нь тэд хүн үхсэний дараа австайгаа хамт дараагийн амьдралдаа очдог ба тэнд хүргэгдэж ирсэн авсныхаа чанараар байр сууриа олж авдаг гэдэгт итгэдэг. Зарим тансаг зэрэглэлийн авснуудыг бэлтгэхэд хэдэн сар шаардлагатай.