БАРИМТ 1
Хуучнаар Цейлон гэх нэртэй байсан Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улс нь 65,610 хавтгай дөрвөлжин газар нутагтай ба Өмнөд Азид байрлалтай. Шри Ланка улс Энэтхэгийн далайн Бенгалын буланд оршдог ба далайн орон. Тэд далайн хилээ Энэтхэг болон Мальдив улсуудтай хуваалцдаг.
БАРИМТ 2
Шри Ланка улсын нийт хүн ам нь 22.2 сая бөгөөд тэдний 70 гаруй хувь нь буддын шашинтай. Энэтхэг улстай ойрхон байрлалтай тул Шри Ланка улсын хүн амын тодорхой хэмжээг Энэтхэгийн урд бүсийн тамилчууд бүрдүүлдэг боловч ихэнх хэсэг нь сингалчууд буюу шри ланкачууд. Шри Ланка улсын албан ёсны шашин нь буддын шашин боловч хинди болон исламын шашин тус улсад нэлээд алдартай.
БАРИМТ 3
Шри Ланка улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн 125,000 жилийн өмнө суурьшсан байх магадлалтай ба тэнд 3,000 жилийн өмнө хүний амьдарч байсан гэдгийг батлах хэд хэдэн хөдөлшгүй баримт байдаг. Пали канон гэгддэг Шри Ланкын Буддын шашны хамгийн эртний бичээснүүд нь манай эриний өмнөх 29 онд харьяалагддаг.
БАРИМТ 4
Шри Ланка улсын газарзүйн байршил болон далайн боомтууд нь тус улсыг өнөөгийн Далайн торгоны зам гэх худалдааны замын чухал ач холбогдолтой бүс нутаг болгосон. Тиймээс Шри Ланка улсыг эрт үеэс эхлэн Европ болон Алс дорнодын орнууд мэддэг байсан. Тус улсын тансаг бараа бүтээгдэхүүний худалдаа нь гадаадын наймаачдын анхаарлыг ихэд татаж байсан нь Шри Ланкын хүн амыг олон үндэстнүүдээс бүрддэг болоход хүргэсэн.
БАРИМТ 5
Сингалын (Шри Ланка) Котте вант улсад төрийн томоохон хямрал нүүрлэх үед Португали улс тус улсын байршлыг ихэд сонирхож өөрсдийн мэдэлд оруулах санааг тээж эхэлсэн. Улмаар португаличууд одоогийн Шри Ланка улсын газар нутгаас эзэмшиж эхэлсэн хэдий ч Сингал-Португалийн дайны дараа Нидерланд болон Кандигийн хаант улс (Шри Ланка) арлыг хуваан захирах болсон.
БАРИМТ 6
Гэвч Нидерланд улсын эзэмшлийг британичууд авсан ба тэд 1815-1948 оны хооронд тус арлыг колоничилсон. 1948 онд тусгаар тогтнолоо зарласныхаа дараа 1972 онд сингалчууд Цейлон гэх улсынхаа нэрийг Шри Ланка болгон өөрчилж бүгд найрамдах улс болгосон. Мөн тус улсад 1983-2009 оны хооронд 26 жилийн турш иргэний дайн үргэлжилсэн. Уг дайнд Тамил Иламын чөлөөлөх барууд гэх зэвсэгт хүчний байгууллага Шри Ланкын зэвсэгт хүчнийг ялсан.
БАРИМТ 7
Шри Ланка улсын нийслэл хотыг Комболо гэдэг бол албан ёсны хэлнүүд нь сингал болон тамил хэл. Тус улс нь ерөнхийлөгчийн хагас засаглалтай ба одоогийн ерөнхийлөгч Готабая Раджапакса уг албан тушаалыг 2019 оноос хойш хашиж байгаа. Хууль тогтоох байгууллага нь парламент бөгөөд тэд одоогийн үндсэн хуулиа 1978 онд баталсан.
БАРИМТ 8
Шри Ланка улс хэд хэдэн өвөрмөц хоч нэртэй. Тэдгээр нь “Энэтхэгийн нулимсны дусал” болон “Энэтхэгийн далайн сувд” нар юм. Эхний нэрний хувьд Энэтхэг улсын зүүн урд тал дахь байрлал ба улсын газар нутгийн хэлбэрээс нь болдог бол хоёр дахь нэр нь тус улсын газарзүйн байршилтай холбоотой.
БАРИМТ 9
Шри Ланка улсын хүнсний гол ургац бол цагаан будаа. Тиймээс сингалчууд карритай цагаан будааг бараг л өдөр бүр хэрэглэдэг. Шри Ланка улс бол буддын шашны мөргөлийн гол цэгүүдийн нэг. Тус улсыг олон мянган буддын шашинтай хүмүүс жил бүр зорьдог ба Будда өөрийн биеэр уг арал руу нийт гурван удаа зочилж байсан гэх яриа байдаг.
БАРИМТ 10
Шри Ланка улсад хамгийн алдартай спорт бол крикет. Шри Ланкын крикетийн үндэсний шигшээ баг нь Азийн цомд дөрвөн удаа түрүүлснээс гадна 1996 оны Дэлхийн цомд түрүүлж байсан амжилттай. Мөн Шри Ланка улсын албан ёсны спорт нь волейбол юм байна. Гэхдээ тус улсын волейболын тамирчид олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлдэггүй.
БАРИМТ 11
Шри Ланкын баг тамирчид олимпын наадмаас хоёр удаа медаль хүртсэн. 1948 оны Лондонгийн олимпын эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд Данкан Уайт мөнгөн медаль хүртэж байсан бол 2000 оны Сиднейн олимпын эмэгтэйчүүдийн 200 метрийн төрөлд Сусантика Жаясингхэ хүрэл медалийг тус тус хүртэж байсан. Мөн Шри Ланка улсын тамирчин Мухаммед Лафир 1973 онд бильярдын дэлхийн аваргад түрүүлсэн.
БАРИМТ 12
Сингалчууд цайнд маш их дуртай ба тус улсын хамгийн гол экспортын бүтээгдэхүүн нь цай юм. Шри Ланка улсын цаг агаарын байдал бүтэн жилийн турш тогтвортой байдаг тул та хүссэн үедээ уг улсыг зорих боломжтой. Гэхдээ та борооноос зайлсхийж Шри Ланкын нарлаг өдрүүдийг үзмээр байвал арван хоёроос гуравдугаар сарын хооронд Шри Ланка улсад зочлох нь зүйтэй.
БАРИМТ 13
Шри Ланка улсын нийт газар нутгийн 26.5 хувь нь хуулийн дагуу хамгаалагдсан дархан цаазат газар. Тус улсад 91 өөр төрөл зүйлийн хөхтөн амьтад амьдардаг ба тэдний 16 нь өөр улсуудаас бараг л олдохгүй бөгөөд 14 нь нэн ховор амьтад юм байна. Мөн Шри Ланка улсад согтууруулах ундаа худалдаж авах насны доод хязгаар бол 21.
БАРИМТ 14
Шри Ланка улсын зарим зочид буудлууд яг үнэндээ хүн хоноглох боломжгүй кафе, ресторан байдаг. Тэд яагаад эдгээр газруудыг зочид буудал гэж нэрлэдэг тухай тодорхой тайлбар байдаггүй бөгөөд Шри Ланка улсад зочид буудал хайж байх үедээ шөнө хоноглож болох эсэх тухай заавал тодруулан асуух хэрэгтэй. Мөн та Шри Ланка улсад айлд зочлохоор болбол заавал бэлэг дурсгалын зүйл авч очих ёстой.
БАРИМТ 15
Хэрэв хэн нэгэн толгойгоо дээшээ доошоо хөдөлгөвөл ихэнх тохиолдолд “Тийм” гэх утгыг агуулж байдаг. Харин Шри Ланка улсад уг үйлдэл нь “Үгүй” гэх үгийг илэрхийлдэг юм байна. Мөн тус улсад толгойгоо баруун зүүн тийш хөдөлгөх юм бол “Тийм” гэсэн утгатай. Шри Ланка улсын мөнгөн тэмдэгтийг “Шир Ланкын Рупе” гэдэг. Уг мөнгөн дэвсгэрт нь маш олон тод өнгийн загвартай.
БАРИМТ 16
Шри Ланка улс 1960 онд эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Түүнийг Сиримаво Бандаранаике гэдэг ба дэлхийн анхны аль нэг улсын эмэгтэй ерөнхий сайд юм. Тэрбээр уг албыг ганц удаа хашаагүй бөгөөд нийт гурван удаа Шри Ланкын ерөнхий сайдаар сонгогдсон. Дэлхийн хамгийн эрүүл мэндэд сайн шанцай буюу синнамон Шри ланка улсад ургадаг.
БАРИМТ 17
Шри Ланка улсын хүн амын бичиг үсэг тайлагдсан хувь нь 91.9 хувь. Уг үзүүлэлт нь Өмнөд Азийн бүх орнуудаас өндөр. Шри Ланкын засгийн газар боловсролыг ихэд чухалчлан авч үздэг ба 1945 оноос хойш бүх улсын сургуулийг үнэ төлбөргүй болгосон. Тус улсад улсын 9,657, 817 хувийн сургууль байдаг. Мөн улсын 17 их дээд сургуультай хэдий ч тэдгээрийн сургалтын чанар тийм ч сайн биш.
БАРИМТ 18
Шри Ланка улсын төрийн далбаа харсан хүн бүрийнхээ сонирхлыг татдаг өвөрмөц загвартай. Далбаан дээрх арслангийн дүрс нь нутгийн уугуул иргэд болох сингал үндэстнийг, арслангийн гарт буй сэлэм нь улсын бүрэн эрхт байдлыг, арслангийн буржгар зогдор нь буддын шашны зан үйл, мэргэн ухаан болон бясалгалыг, сахал нь үгсийн цэвэр ариун байдлыг тус тус илэрхийлдэг. Харин өнгөнүүдийн хувь буддын, исламын, хинди гэх мэт шашнуудтай гүн холбоотой.
БАРИМТ 19
Шри Ланка улсын байгалийн баялаг нэлээд арвин. Тус улс нь эрдэнийн чулууны хамгийн чухал эх нутаг бөгөөд сингалчууд бадмаараг, индранил (цэнхэр, ягаан, шар), гесонит анар гэх зэргийг голчлон олборлодог. Мөн Шри Ланка улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн найман газар бий.
БАРИМТ 20
Сингалчууд маш найрсаг, нөхөрсөг хүмүүс хэдий ч та тэдний ариун дагшин гэж боддог газруудад нь зүй бус үйлдэл гаргах аль эсвэл шашныг нь гутаан доромжлох юм бол тэд танд муу зүйл хийхэд бэлэн байх болно. Тэд хийдэд орохдоо үргэлж гутлаа тайлдаг ба Сингал эмэгтэйчүүд мөрөө халхалсан хувцас өмсдөг. Мөн сингалчууд хүйс хамаарахгүйгээр хөлөө халхалсан хувцас өмсөх ёстой.
БАРИМТ 21
Ихэнх улсуудад зааныг гаршуулан тэжээх хууль бус байдаг ч сингалчууд одоог хүртэл зааныг ашиглан хөдөө орон нутагт ажил хийсээр байна. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд тус улсын засгийн газар согтуу байх үедээ заан унахыг хориглосон хуулийг баталж байжээ. Мөн сингалчууд буддагийн хөшөө болон зурагтай хамт өөрийн зургаа авахыг зүй бус үйлдэл гэж үздэг.
БАРИМТ 22
Халуун орны улс тул Шри Ланкад хумхаа өвчний тохиолдол маш ихээр илэрдэг байв. Гэхдээ тус улсын засгийн газар хумхаа өвчний халдварыг хумихын тулд нэлээд ажил хийсний дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Шри Ланка улсыг хумхаа өвчингүй болсон гэдгийг 2016 онд зарласан. Мөн та Шри Ланка улсын далайн эргийн хавиар арван нэгээс дөрөвдүгээр сарын хооронд олон төрлийн халимыг харах боломжтой.
БАРИМТ 23
Шри Ланка улсын гадаад үнэмлэхийг эзэмшигчид дэлхийн ердөө 47 орон руу ямар нэгэн визагүйгээр түр хугацаанд зорчих боломжтой. Тэдгээр улсуудын ихэнх нь Африк тивийн орнууд байдаг. Эдгээр үзүүлэлт нь тус улсын гадаад үнэмлэхийг дэлхийн хамгийн сул дорой үнэмлэхүүдийн нэг болгодог. Мөн тус улсад 2004 онд хүчтэй цунамигаас болж 40,000 хүний амь нас эрстсэн.
БАРИМТ 24
Шри Ланкын дулаан цаг агаарын дулаан уур амьсгал нь тус улсад маш онцгой, ховор жимснүүдийн ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Тэднээс нэрлэвэл хаан коконат, цейлоны чидун, модон алим гэх мэтээр үргэлжилнэ. Сингалчууд толгой хүний биеийн хамгийн ариун хэсэг гэж үздэг тул хэн нэгний толгойд хэзээ ч зөвшөөрөлгүйгээр гар хүрдэггүй.